0
Одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2014 оны арванхоёрдугаар сарын 9-нд Ардчилсан нам, Монгол ардын намтай "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ" байгуулж, хамтарсан Засгийн газар бүрдүүлж байлаа.
Улмаар 2015 оны долоодугаар сарын 06-ны өдөр Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын ээлжит сонгууль болохын өмнөхөн МАН-ыг "жийж" байсан юм.
Үүнийхээ үндэслэлийг,
-"Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулснаас хойш 2015 оны долоодугаар 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 35 хууль, УИХ-ын тогтоол баталсны 22-т нь Монгол ардын намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн олонх нь эсрэг байр суурь баримталж байсан.
-Ардчилсан нам МАН-д итгэл хүлээлгэж ерөнхий чиг үүргийн яамдын 50 хувь, тэргүүн шадар сайд болон 5 сайд 7 дэд сайдын хариуцлагатай албыг үүрүүлсэн. Гэвч ажилгүйдэл, эдийн засаг, төсвийн орлого, банкны чанаргүй зээлийн үзүүлэлт улам бүр дордож байна.
-МАН-ын сайд нарын хариуцсан яам, агентлаг, төрийн захиргааны байгууллага дахь төрийн албан хаагчдын халаа сэлгээ газар авч төрийн албыг сульдуулж байна. Хууль зөрчсөн томилгоонууд нь түрүүчээсээ гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. Гэтэл МАН-ын удирдлага "Монгол ардын намаас томилогдсон сайдууд хууль бус томилгоо хийсэн гэсэн шүүхийн нэг ч шийдвэр гараагүйг сануулъя" гэх мэтээр худал мэдэгдэл хийж байна.
-МАН-аас сонгогдсон, томилогдсон албан тушаалтнууд “Бид хамтдаа” аяны үйл ажиллагаанд биечлэн оролцож очсон газар бүртээ хамтарсан Засгийн газрын бодлого үйл ажиллагааг үгүйсгэж, хамтран ажиллаж буй АН-ын нэр хүндийг унагах бохир улс төрийг тасралтгүй явуулж байна хэмээн тайлбарласан.
АН-ын дээрх шийдвэрийн талаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд,"Хамтын ажиллагааны гэрээг зөвхөн нэг талын үзэмжээр дүгнэх бус, бодитойгоор дүгнэж цуцлахад бэлэн байна" гэх утгатай мэдэгдлийг гаргаж байлаа.
Өнөөдрийн Монголын улс төрд өрнөж буй үйл явдлыг харахад байр нь солигдсон болохоос биш тэр үеийнхтэй адил явдал болов уу гэлтэй байгаа юм. 2015 онд АН МАН-ыг Засгийн газраасаа хөөж байсан бол энэ удаа МАН АН-ыг гаргуунд гаргаж байна.
Үйлийн үр хаяг андуурдаггүй гэдэг шиг өмнө нь АН-ынхны өөрсдийнх нь гаргаж байсан аашийг энэ удаад МАН гаргалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.