dobu.mndobu

Орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-16

Орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулна

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Монгол Улсын хэмжээнд нийт 411.8 мянган өрх орон сууцанд хамрагдаж чадаагүй байгаагаас 262.2 мянга нь Улаанбаатар хотод, 147 мянга орчим нь орон нутагт амьдарч байна.

Тус хөтөлбөр нь иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн, төлбөрийн уян хатан нөхцөлтэй орон сууцны тогтолцоог бүрдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, хот суурин газрын хөгжлийг тэнцвэртэй, төлөвлөлттэй болгох зорилготой юм. Хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын айл өрхийн газрыг чөлөөлж, 50 мянган айлын янданг бууруулахаар тооцоолжээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Үүнээс төрийн оролцоотойгоор 40 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бол хувийн хэвшлийн барилгын компаниудын оролцоотойгоор 60 мянган айлын орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд төрийн барьсан орон сууцыг зорилтот бүлгийн иргэд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжийг бүрдүүлэх юм.

Иргэдийг төрийн оролцоотой орон сууцанд хамруулахдаа дараах дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөж байна. Үүнд:

  • Түрээсийн орон сууц,
  • Түрээслээд өмчлөх,
  • Хамтын өмчлөл,
  • Газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах бодлого баримтална.

Ингэснээр иргэд өрхийн орлого, санхүүгийн боломждоо нийцсэн хэлбэрээр орон сууцанд хамрагдах сонголттой болно.

Орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зээлд хамруулна

Засгийн газар 2027 оны улсын төсөвт 198 тэрбум төгрөг тусгаж, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөөд байна. Ингэснээр анх удаа орон сууцтай болох гэж буй иргэдийг дэмжиж, 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулах боломж бүрдэх юм.

Уг санхүүжилтийн хүрээнд барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны ипотекийн зээлээр дэмжихийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн, төлбөрийн олон сонголт бүхий уян хатан бодлого хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд 6 хувийн хүүтэй ипотекийн зээл хотын төвийн өндөр үнэтэй орон сууцанд түлхүү чиглэж, гэр хороолол, шинэ суурьшлын бүсэд олгогдох зээл харьцангуй бага байна. Иймд ипотекийн зээлийг бүсчилсэн байдлаар олгохоор төлөвлөж байгаа билээ. 

Сонгон шалгаруулалтыг арилжааны банкууд зохион байгуулна

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг төрийн шууд оролцоогүйгээр арилжааны банкууд зохион байгуулна. Сонгон шалгаруулалтын үйл явцад холбогдох хяналт, аудитын байгууллагууд хяналт тавьж, журмын хэрэгжилтийг шалгана. 

Аливаа зөрчил гарсан тохиолдолд ил тод шалгаж, холбогдох журмын дагуу шийдвэрлэн, хариуцлагыг тодорхой болгох зарчмыг баримталж ажиллах юм. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлнэ

Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах, газрын үнэлгээг орон сууцны төлбөрт тооцох зэрэг шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ийнхүү “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, иргэдийн орон сууцны хүртээмжийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Орон нутгийн иргэдийг орон сууцаар хангах бодлого үргэлжилнэ

“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр нь аймаг, суманд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд мөн хүрэх юм. Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, залуу гэр бүл, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, орон сууцны хэрэгцээтэй бусад иргэдийг хамруулах боломжийг нэмэгдүүлнэ.

Ипотекийн зээлэнд хамрагдсан иргэдийн 30 хувь нь орон нутагт амьдардаг. Үүнийг 50 хувь болгож нэмэгдүүлнэ. Ингэснээр орон нутагт ипотекийн зээлийг оочергүй, хүлээлтгүй болгохоор зорьж байна. 

Монгол Улсын 56 суманд нийт 567 айлын төрийн албан хаагчдын түрээсийн орон сууцны төслийг 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2026 онд 63 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд үлдсэн 504 айлын орон сууцыг 2027-2028 онд үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөлөө. 

Энэхүү төсөл нь орон нутгийн төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах, амьдрах нөхцөлөөр хангахын зэрэгцээ нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.