dobu.mndobu

Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт чиглүүлнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-11-16

Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт чиглүүлнэ

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.11.16/ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж байна.

Тэрбээр ирэх 2027.01.01-ээс хэрэгжиж эхлэх “100,000 айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг тус аймгийн иргэдэд танилцуулж, асуултад хариуллаа. 

ХББОС-ын сайл Э.Бат-Амгалан “Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн баярын мэндийг үе үеийн барилгачид, архитектор, инженерүүд болон нийт иргэддээ өргөн дэвшүүлье.

Дархан хот бол Монгол Улсын аж үйлдвэр, барилгын материал үйлдвэрлэл, боловсрол, үйлчилгээний салбарын томоохон төв, бүс нутгийн хөгжлийг түүчээлэх стратегийн ач холбогдолтой хот юм. 2025 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1.2 их наяд төгрөгт хүрч, сүүлийн 20 жилд 15 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Нэгдүгээрт. “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөр

Өнөөдөр олон мянган өрх орон сууцтай болох хүсэлтэй боловч урьдчилгаа төлбөр бүрдүүлэх, ипотекийн зээлд хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Түрээсийн байранд амьдардаг, гэр хороололд тав тухтай, дулаан орчинд амьдрахыг хүсэж байгаа иргэд ч олон байна.

Иймээс Засгийн газраас 2027-2030 онд хэрэгжүүлэх “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцаар хангаж, гэр хорооллын 50 мянган янданг бууруулах зорилт тавьсан.

Үүний тулд иргэдийн амьдралын нөхцөл, орлогын боломжид нийцсэн дараах дөрвөн төрлийн орон сууцны бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • Түрээсийн орон сууц;
  • Түрээслээд өмчлөх орон сууц;
  • Иргэн, төр хамтран өмчлөх орон сууц;
  • Газраа орон сууцаар солих боломж.

Хөтөлбөрийн хүрээнд 60 мянган айлын орон сууцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ипотекийн санхүүжилтийг дэмжих замаар, 40 мянган айлын орон сууцыг төрөөс газар, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг зөвхөн нийслэлд төвлөрүүлэхгүй, 2027 оноос санхүүжилтийн 50 хувийг орон нутагт чиглүүлэхээр зорьж байгаа нь Дархан-Уул аймгийн иргэдэд бодит боломж болно.

Хоёрдугаарт. Орон сууцны салбарын эрх зүйн болон санхүүжилтийн шинэчлэл

Энэхүү зорилтыг бодит ажил болгохын тулд зөвхөн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хангалтгүй. Орон сууцны нийлүүлэлт, санхүүжилт, иргэдийн худалдан авах чадварыг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн шинэ орчин шаардлагатай.

Тиймээс манай яамнаас Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлээд байна.

Гуравдугаарт. Барилгын салбар, орон нутгийн хөгжлийг дэмжих нь

Орон сууцны үнийг иргэдийн орлогоос хэт тасрахгүй байлгахын тулд барилгын өртгийг бууруулах, дэд бүтцийн зардлыг оновчтой шийдвэрлэх, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай.

Энэ хүрээнд инженерийн дэд бүтцийг урьдчилан төлөвлөх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилгын чанар, стандарт, ашиглалтын аюулгүй байдлыг сайжруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Дархан-Уул аймагт энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн барилгын компаниудын оролцоог нэмэгдүүлж, үйлдвэрлэл, ажлын байр, бизнесийн боломжийг өргөжүүлэхэд анхаарна.

Шинээр баригдах орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээвэр, авто зам, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтэцтэй нь цогцоор төлөвлөх ёстой.

Бид орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхдээ залуу гэр бүл, анх удаа орон сууц худалдан авах иргэд, багш, эмч, инженер, төрийн албан хаагч зэрэг орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй иргэдийн хэрэгцээг онцгойлон харгалзана.

Мөн төрийн оролцоотой орон сууцны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга, цахим хэлбэрээр зохион байгуулж, иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг хангана” хэмээн хэллээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.