0
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр /2024.12.20/ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчдын тоо хэмжээг тодорхой цаг хугацаанд тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс нь тодорхой хугацаанд чөлөөлье гэсэн хууль байгаа. Тэгэхдээ Монгол Улсад оршин сууж, хувийн хэргээр зорчиж байгаа иргэдийн хувь хэмжээг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль”-аар тогтоогдоно гэсэн үг. Тодруулбал, тус хуулийн 27.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суух гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харьяат хүн амын тоо гурав, үүний дотор нэг улсын иргэн нэг хувьтай байж болно” гээд хэмжээтэй. Энэ хэмжээндээ л барьдаг. Өнөөдөр квот гэдэг зүйл дарга нарын ААН, байгууллагуудыг зовоох хэрэгсэл болсон.
Өөрөөр хэлбэл энэ квотод багтахын тулд дандаа том ААН-үүд орж байгаа. Өнөөдөр энэ квотыг авч гадаадаас ажиллах хүч авч ирсэн компаниудын бүх хүмүүсийг нь хараарай. Дандаа улс төрчид байгаа.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэг нь ч энэ квотод хамрагдаж чаддаггүй. Жилийн дундуур тоног төхөөрөмжөө сольж байгаа 20 хүн ажиллуулдаг залуу нэг инженер оруулж ирж чадахгүй байна шүү дээ. Гэсэн хэр нь том ААН-үүд нь энэ квотод хамрагдаад ажлын байрны төлбөрөөсөө Засгийн газар дээр 100 хувь чөлөөлөгдөж байгаа юм. Энэ Үндэсний аюулгүй байдалд харшлаад байгаа зүйл биш энэ дээрээ хяналт тавьдаг институцтай “Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль”-д заасны дагуу Гадаад иргэн харьяатын байгууллага хяналтаа тавиад явдаг асуудал байж байгаа.
Энэ жил 20000 орчим ажиллах хүчний квот тогтоогоод байгаа. Энэ жилийн хувьд 23000 орчмыг тогтооно гэсэн зүйл байна. Тэгэхдээ энэ тогтоох шийдвэр нь аравдугаар сарын 1-ний дотор гарчихдаг. Үүнээс хойш ААН, байгууллагууд хамрагдах боломжгүй болчихдог. Жилийн дундуур тодорхой хэмжээний инженерингийн хүн, ажилтан оруулж ирэх боломжгүй.
Манайхан гадаад ажилтан гэхээр л Хятад гэж яриад байгаа юм.
Нэгдүгээрт, Өнөөдөр манайд оршин сууж байгаа Хятад иргэдийн тоог Гадаад иргэн харьяатын байгууллагаас үзчих хэрэгтэй. Энэ хуулийнхаа хэм хэмжээнд байж байгаа.
Хоёрдугаарт, Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхийн тулд жилийн цалин, нийгмийн даатгал, байр хоолны зардлаас нь гадна 15 сая 600 мянган төгрөгийг төлж байгаа. Үүнийг жижиг ААН, байгууллагууд дийлэхгүй.
Өнөөдөр Монголд чулуунаас их юм алга. Гэсэн ч чулууг олборлох мэргэжилтэн байдаггүй.
Өнгөрсөн 2023 онд ажлын байрны төлбөрөөс 6500 ажилтныг чөлөөлье гэхэд 5673 нь 100 хувь чөлөөлчихсөн байгаа юм. Цаана нь 1000 хүрэхгүй хүмүүс төлбөрөө төлсөн. Тэгэхээр энэ лоббиг Засгийн газар дээр хийчхээд байна. Тиймээс УИХ дээр шийддэг байя. Энэ татварт орох мөнгийг ямар үндэслэлээр чөлөөлөөд ямар ААН-үүдэд өгөөд байдаг юм бэ гэдэг зүйлийг ард түмний төлөөлөл болсон УИХ нь шийддэг байя гэдэг зүйлийг л хэлж байгаа юм.
Энэ хуулийн зорилго нь уул уурхай, газрын тосноос бусад салбарт чиглэнэ. Монгол хүний үнэлэмж хамгийн өндөр байгаа уул уурхайн салбарт квотгүй байх асуудлыг дэмжихгүй байгаа. 2026 он хүртэлх хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг дэмжээд өгөөч ээ.
Үнэхээр Монгол ажилтан олдохгүй бол гаднаас оруулж ирэх хүсэлтээ тавина. Тэгэхээр Монгол ажилчдаа бид дэмжих гээд байгаа юм. Гадаадаас оруулж ирж байгаа ажилтныг дагалдуулж Монгол ажилчдаа сургаач гэж байгаа юм. Ингээгүй тохиолдол давхар хариуцлагуудыг нь оруулж өгч байгаа.
“Өнөөдөр 30-аад мянган залуу ажилгүй байна шүү дээ” гээд байгаа юм. Гэтэл энэ залуучуудын ур чадвар ажил олгогчдын санаа сэтгэлд нийцэхгүй байна. Энэ залуучуудыг МСҮТ-д сур гэдэг ч МСҮТ тэр мэдлэгийг нь олгохгүй байна. Дагалдаж байж олон ур чадварыг суралцах гээд байгаа юм. Ингэх юм бол цалин үнэлэмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх гээд байна. 20 жилийн өмнө манай ажилчид зам тавьж чаддаггүй байж байгаад Хятад ажилчдыг дагаад зам тавьж сурсан. Барилгын салбар дээр ч энэ асуудал байсан. Одоо муу ч сайн ч барилгаа барьчихдаг болсон.
Өнөөдөр Хятад шинэ ажилчдын цалин хот хотоосоо хамаарч 1600 доллар байна.
Хүний нөөц байхгүй болохоор компаниуд ажлын байраа байхгүй болгочхож байна.
Гаднынхан, ялангуяа Хятадууд ороод ирвэл эмэгтэйчүүд маань тэдэнтэй сууна гэх зүйлээр эмэгтэйчүүдийг битгий доромжлоод байгаач ээ гэдгийг Женкогийн гар, хөл болсон Отгонтөгс, Япончуудын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг буурал Гансүх, УИХ-ын дарга байж Монголын хөгжлийг гацаасан З.Энхболд тэргүүтэй зохион байгуулалттай бүлэг этгээдүүдэд хэлмээр байна. Та нар улсын хөгжлийг танкны үлгэр ярьж олон жил гацаасан шүү" хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.