1
“Эрдэнэс алт ресурс” гэж компани бий. Энэ компани Салхитын мөнгөний ордын лицензийг эзэмшигч бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн охин компани. “Эрдэнэс алт ресурс” компани нь анх “Эрдэнэс силвер ресурс” ХХК гэх нэртэйгээр 2019 онд байгуулагдаж байсан түүхтэй. Улмаар 2023 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-тай нэгтгэсэн юм.
Та бүхэн санаж байгаа бол өдгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа тагнуул, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний хамтаар Салхитын мөнгөний ордод ажиллагаа явуулж, төрд эргүүлэн авч байсан.
Тэгэхээр “Эрдэнэс алт ресурс” ХХК бол Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах том үүрэг хүлээсэн чухал компани. Энэ компанийн захирлаар С.Баярмөнх гэх хүн ажиллаж байв. С.Баярмөнх нь Сэрүүлэг сонин, ТВ-8 телевизийг үүсгэн байгуулсан бөгөөд Г.Занданшатарыг УИХ-ын даргаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байгаад “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томилогдсон байдаг.
Харин одоо Э.Ууганбаяр гэгч “Эрдэнэс алт ресурс” компанийн захирлаар ажиллаж байна. Энэ хүний түүх үнэхээр баялаг. Тиймээс дараа жич танилцуулна.
“Эрдэнэс алт ресурс” ХХК хэрхэн цүнх баригчдын хөлд сөхөрч байгааг хэдхэн баримтаар үзүүлье.
С.Баярмөнхийг “хангалттай” ажилласан хэмээн 33 сая төгрөгөөр урамшуулжээ.
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал сард 16.5 сая төгрөгийн цалин авдаг бололтой. Учир нь тус компанийн захирлаар ажиллаж байсан С.Баярмөнхийг 2023 онд “хангалттай” сайн ажилласан гэсэн дүгнэлтийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулан тогтоол гаргаж, хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал болох 33 сая төгрөгийг олгосон байна.
Ингээд болоогүй С.Баярмөнх нь “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийнхаа 40 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулжээ. Даатгалын үнэлгээ 5 тэрбум төгрөг.
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал Э.Ууганбаяр компанийнхаа 35 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулжээ.
Мөн одоогийн захирал Э.Ууганбаяр ч ялгаагүй компанийнхаа 35 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулсан байна. Даатгалын үнэлгээ нь 3.5 тэрбум төгрөг.
Даатгалын учрыг хайвал тус компанийн захирал “Онцгой нөхцөл бүхий хугацаатай хөдөлмөрийн гэрээ” гэгчийг толгой компанитай байгуулдаг аж. Энэхүү хөдөлмөрийн гэрээнд “Компани нь гүйцэтгэх захирлыг удирдах албан тушаалтны хариуцлагын даатгалд бүрэн даатгуулна” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Баярмөнх, өдгөө захирлаар ажиллаж байгаа Э.Ууганбаяр нар хариуцлагагүй ажиллаж компанийг хохироосон тохиолдолд хохирлыг тэд биш даатгалын компани төлөх аж. Магадгүй санаатайгаар хэдэн тэрбум төгрөг завшвал тэд биш даатгал төлөх даатгал юм байна.
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийнхан хууль зөрчиж 121.5 сая төгрөгөөр шинжилгээнд хамрагджээ.
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2023 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр “Сөүл сэниор товер” ХХК-тай “Эрүүл мэндийн багц шинжилгээ хийлгэх” тухай хоёр гэрээ байгуулжээ. Эхний гэрээнд нэг ажилтны үзлэг 295,000 төгрөг, нийт 56 ажилтныг 16,520,000 төгрөгөөр хамруулжээ. Хоёр дахь гэрээнд нэг ажилтныг 345,000 төгрөг, нийт 52 ажилтныг 17,940,000 төгрөгөөр хамруулсан байна.
Ингээд болоогүй ээ. “Эрдэнэс алт ресурс” ХХК нь 2024 оны наймдугаар сарын 26-ны өдөр “Таванбогд солюшнс” ХХК-тай “Байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц шинжилгээ хийх, үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгуулсан байна. Ингэхдээ нэг ажилтны үйлчилгээний төлбөр 980,000 төгрөгийн гэрээ хийжээ. Гэрээ ёсоор 2024 оны арваннэгдүгээр сард нийт 121.5 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа юм.
Эдгээр гэрээг хийхдээ тендерийн тухай хуулийг ноцтой зөрчиж, тендер сонгон шалгаруулалт зарлалгүй шууд байгуулжээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.