0
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгээр эхэлсэн. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавив.
Тэрбээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт Шанхай хотод гарын үсэг зурж, 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж эхний галаа асаасан, Булангийн орнуудад айлчлал хийж үнэ чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчний экспорт зэрэг асуудлыг шийдвэрлэснээр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орж ирэхэд бэлэн байгааг мэдээлж, урьдчилсан байдлаар 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүд сайн гарч байгааг болон 2025 оныг нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласан тухай мэдэгдлээ.
Мөн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталсанд тооцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.