dobu.mndobu

Д.Амгалан: Жилийн өнгө хэрхэн зурагдсанаар бус хүний сэтгэлээр ажил, амьдрал сайжран дээшлэх учиртай

Д.Амгалан: Жилийн өнгө хэрхэн зурагдсанаар бус хүний сэтгэлээр ажил, амьдрал сайжран дээшлэх учиртай

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө, зурлагын талаар МБШТ Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Амгалангаас тодрууллаа. 

 

Ирэх жилийн өнгө, зурлагыг шороон үхрийн зурлагаар шинждэг ёсон бий. Энэ жилийн хувьд хэрхэн зурагдсан байна вэ?

- Шороон үхрийн зурлагыг Монгол цаг тоололтой хамгийн сайн таардаг гэж үздэг. Бурханы шашны маш олон хом, зурхайг харьцуулж гаргадаг зүйл. Энэ жилийн хувьд нэлээд “сайн” жил гарч байгаа. 

Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл, үхрийн толгой, шийр ногт нь ногоон. Бие ходоод нь улаан. Эвэр, чих, сүүл нь хөх, омруу, туурай нь цагаан. Цулбуур нь шар, амаа хамхиад сүүлээ баруун тийш шарвасан байдалтай дүрслэгджээ.


Харин үхэр хариулагчийн царай нь ногоон, дээл нь цагаан, үс нь улаан, малгайныхаа баруунаа сөхөөд зүүн шанаагаа буулгасан, гэзэг үсээ хоёр чихнийхээ урдуур сүлжиж унжуулсан, зүүн талдаа бүснийхээ үзүүрийг хавчуулж, цагаан гутлынхаа зүүнээ өмсөөд, баруунаа зүүн талдаа хавчуулжээ. Унгасаар томсох бургасан хөх шилбүүр барьсан хүч чадал багатай идэр залуу үхрийн өмнө яаравчлан гүйж явна хэмээн дүрсэлжээ. 


Энэхүү зураглалаас жилийн байцыг ажиглавал, залууст сайн,  нялхаст дунд, өвгөд хөгшдөд муу болой. Жилийн эхээр цасан шамарга, мөндөр буух, улирлын эхэнд салхи ихтэй байх, зун намрын дунд сард ган хуурай болох, жилийн сүүлээр салхи ихтэй байх нигууртай. Эм хүнд яаруу, эр хүнд тайван. Хүнд сайн, малд муу хэмээн зурхайн толинд буужээ.

Хэдий зурлага дээр жилийн өнгө ийм буусан ч гэсэн аливаа хэрэг зориг, аж амьдралдаа хүн өөрөө анхаарч байх нь зүйтэй. 

 

Цагаан сараар зүг мөр гаргах ёс бий. Гэр бүлийн хүн бүр мөр гаргах ёстой юу?

- Сайхан жил гарлаа хэмээгээд эрчүүд голдуу зүг мөр гаргах явдал бий. Ерөнхийдөө олуулаа аж төрдөг бол гэрийн эзэн төлөөлөөд зүг, мөр өө гаргахад л болдог. Боломж бололцоо байвал болох л зүйл, гэхдээ бодож үзээрэй гэж зөвлөе. Зүг мөр гаргахад анхаарах зүйл нь “жилийн цээртэй зүг” юм. Хэрэв мөрөө гаргахаар бэлдэж байвал мэдлэг арвин найз нөхөд, лам, зурхайчаас асуух хэрэгтэй. Монголчууд “хар нохойн амны зүг” гэж хэлдэг. Энэ жилийн хувьд цээртэй зүг нь “урд зүг” таарч байгаа.  Зүг мөр гаргахад бэрхшээлтэй айл өрхүүд, жишээлбэл орц байрнаасаа гараад нэгэн байршлыг төлөөлүүлээд тэндээсээ мөрөө гаргаад үйлээ хийж болдог. 

 

Мөн шинийн нэгний өглөө нар харахаар уул, овоонд гардаг. Ингэхдээ нэлээдгүй хог тарьдаг тал бий. Энэ тал дээр та ямар зөвлөмж өгөх вэ?

- Монголчууд ашдын бэлгээс амны бэлгэ гэж аливаад их бэлгэшээлтэй ханддаг ард түмэн. Тэр ч утгаараа бие биедээ сайхан үг өргөж, ерөөл тавьж, уул овоондоо гарч байгаль дэлхийгээ шүтдэг улс. Хүн өөрөө байгалийн эд эс, оюун ухаант амьтан л болсон хойно эх дэлхийдээ энерги, эрч хүч, ажил амьдралаа ч даатгадаг. Хэдий энэ нь зөв ч аливаа үйлд учиртай хандах хэрэгтэй. Идээ ундаа овоонд өргөж болно, гэхдээ цаастай чихэр савтай ундаа шүүс, сүү, архи гэх мэт амьтан тоож идэхгүй зүйлсийг овоолох хэрэггүй. Хүний сэтгэл л байхад аливаа үйлд болох юм шүү дээ. Боов, боорцгийнхоо дээжээс жаахныг аваад, арц, ганга, арвай буудай тэргүүтэнтэй очиход л болно. Арц, ганга аа сайхан уугиулаад уншлага ном оо унших, олон үр жимст идээ болох арвайгаа өргөх зэрэг нь байж болно. Бусдаар бол хэдэн арван литрээр нь сүү, айраг авч очоод асгаад байж болохгүй. Архи, сүү их хэмжээгээр өргөснөөрөө сайжирна гэдэг бол өрөөсгөл зүйл юм шүү. 

 

Баярлалаа, ярианыхаа төгсгөлд та нийт иргэддээ хандаж үг хэлнэ үү?

- Нийт монголынхоо ард түмэнд ирж буй “Элдэв эрдэнэт” хэмээх сайхан жилийн мэндийг урьдчилж хүргэе. Эрүүл энх байж, ажил амьдрал нь тэгш дүүрэн байхын ерөөл өргөе. Хамгийн чухал нэг зүйл монголчуудад нэг зүйл их чухал болов уу гэж би хувьдаа анзаардаг юм. Хоорондоо эв түнжин сайтай байх хэрэгтэй. Нэг нэгэндээ сайхан үг хэлж байх. Хувь хүн, айл гэр ялгаагүй эв түнжинтэй байх, үгийн сайхныг ерөөж, аливаа зүйлийн гарц гаргалгааг олж байх хэрэгтэй. Хоорондоо л эвийг эрхэмлэж, биеэ сахиж, сэтгэлдээ хичээж явахад байгаль дэлхий биднийг ивээх сайхан жил гарах нь ээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.