dobu.mndobu

Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг

Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газар хамтран зохион байгуулж буй “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг өнөөдөр (2025.02.21) гурав дахь өдрөө  Төрийн ордонд үргэлжиллээ.

Энэ үеэр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар танилцууллаа.

Тэрбээр, Стандарт, хэмжил зүйн газар 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэмээгээд салбарын гол харилцааг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Хэмжил зүйн тухай хууль зохицуулдаг гэв. Үргэлжлүүлэн тэрбээр салбарын эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, салбарын хэмжээнд тулгамдаад байгаад асуудлуудаа танилцуулав. Монгол Улсад мөрдөгдөж буй нийт стандартын 30 гаруй хувийг барилга болон эрүүл мэндийн салбарын стандартууд эзэлдэг байна. Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг байна. 2022 оноос хойш салбар бүрийн стандартуудад үзлэг хийсэн талаар тэрбээр танилцуулаад, эхний үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм. Стандартын үзлэгийн мөрөөр шинэчлэх, сайжруулах асуудал нь удаашралтай байгааг тэрбээр дурдаад энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал хэллээ.

Түүнчлэн тогтолцооны асуудал, сонгон хэрэглэх стандартын талаар, стандартын хяналт, шалгалтын талаар, хариуцлагын асуудлуудыг хөндөж, 2022 оноос Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Улс орны хөгжил дэвшлийн түлхүүр болдог стандартын салбарын эрх зүйн орчныг шинэчлэн, цаг үедээ нийцүүлэн сайжруулах шаардлагын талаар дурдаад Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, холбогдох талууд төслийн боловсруулалтад хамтран ажиллаж байгааг дурдсан. Боловсруулж буй хуулийн төслийн хэлэлцүүлгийг улс орон даяар зохион байгуулсан гэв. Стандартын эрх зүйн орчныг сайжруулж, хэрэгжилтийг нь хангах нь эцсийн дүндээ иргэн бүрийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах зорилгын төлөө гэдгийг тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дурджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.