0
Хүний их эмч, АУ-ны доктор, АН-ын гишүүн Г.Ууганцэцэг 2018 оноос хойш шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор өгөхийг Засгийн газраас шаардаж буй талаараа мэдээлсэн билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Таны хувьд угаарын асуудлаар иргэдийг төлөөлж Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа цаад шалтгаан нь юу вэ?
-Хүмүүс энэ талаар их сонирхдог. 2013 онд агаарын бохирдлын улмаас ураг маань амьгүй болж бүтэлтэнд орж байсан. Би долоон сар хүүхдээ тээгээд хоёр дахь хүүхдээ гаргах гэж байгаад сэхээнд сар болоод хүүхэд маань бүтэж байсан. Төрөхөөс хүүхэдгүй гарч ирэх ямар хэцүү байдаг тэр зовлонг би өөрийн биеэр мэдэрч байсан. Тийм болохоор 2013 оноос хойш агаарын бохирдлыг үзэн яддаг, судалдаг болсон. Яаж ургийн бүтэлтээр хүүхдээ алдахгүй байх вэ гэдэг зүйлийг сонирхдог байсан.
Шахмал түлш гараад эхний жил гайгүй байсан. Тухайн үеийн төр засгийн гаргасан шийдвэр нь зөв байсан байж магадгүй юм. Нүүрсээ түлхээ болиод шахмал түлш рүү оръё гээд. Тэгэнгүүт 2019, 2020 оноос хойш шахмал түлшний чанар стандарт нь амьсгалахын аргагүй өөр болж нас барж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн.
Миний хувьд сүүлийн хоёр жил энэ тал дээр идэвхтэй ил гарч шүгэл үлээж ирсэн. Би өөрөө агаарын бохирдлын улмаас хайртай, үнэ цэнтэй зүйлээ алдах ямар хэцүү байдгийг биеэрээ ойлгосон учраас ингэж явж байгаа юм.
-Энэхүү асуудалд улс төрийн ямар нэгэн ашиг сонирхол, нөлөө байгаа юу?
-Ямар нэгэн улс төрийн акц байхгүй. Би эхлүүлсэн ажлаа л үргэлжлүүлж байгаа жирийн эмч хүн. Яг одоогоор намайг харлуулсан зүйл гараагүй л байна. Тийм зүйл гарахгүй байх. Яагаад гэхээр би буруу юмны төлөө дуугараагүй шүү дээ. Би үнэн зөвийн төлөө явж байгаа учраас хэзээ нэгэн цагт үнэн ялдаг байхгүй юу. Би ялна. Би энэ хүмүүсийн эрүүл сайхан амьдрах тэр орчныг бүрдүүлэхийн тулд агаарын бохирдлын эсрэг дуугарна. Өнөөдөр жишээлбэл, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газрын дор байгуулагдаад Ерөнхий сайд нь удирдаад явж байсан байгууллага байгуулагдаад болиод л явсан. Өнөөдөр тэд юу хийв ээ. Татвар төлөгчдийн мөнгөөр ямар агаартай биднийг байлгаж байна вэ гэдэг асуудал гарч байгаа юм.
Одоо ч гэсэн юу хийж байна вэ гэдгийг бид асуух хэрэгтэй байгаа юм. Шуурхай штаб байгуулагдаад яваад л байдаг. Гол нь үр дүн чухал шүү дээ.
-Та утааны сонсголд оролцож байсан шүү дээ. Энэ сонсгол хэр дүнтэй болсон бэ?
-Утааны сонсгол үр дүнгүй болсон. Сонсгол яагаад хийгддэг вэ гэхээр нэгдүгээрт, ард иргэдийн мэдэх эрхийг хангадаг. Хоёрдугаарт, УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдал нь. Гуравдугаарт, Төрийн байгууллагууд нь цаашид чиглэл авах ийм сонсгол хийгдэж байгаа юм. Гэтэл энэ утааны сонсголоор ийм байсан, тэдэн төгрөг алга болсон, ингэсэн, тэгсэн, тэдэн хүн үхчихлээ л гэж яригдсан уу гэхээс цаашид юу хийх нь тодорхойгүй үлдчихэж байгаа юм.
Уг нь цаашид юу хийхийг УИХ-ын Түр хянан шалгах хороо байгуулагдаж байгаад хаана нь алдаа гарсан юм байна, хаана нь стандартгүй барьцалдуулагч хэрэглээд биднийг хордуулчихсан юм байна гэдгийг мөрдөн шалгаад, олоод, хариуцлагын тогтолцоог нь хэрэгжүүлээд цаашдаа яах вэ гэдгийг нь зааж өгөх ёстой. Гэтэл цаашдаа яах вэ гэдэг дээр тоймтой юм яригдаагүй.
Тэндээс би нэг л зүйлийг ойлгож авсан. Намар шахмал түлшээ хэрэглэх юм байна. Ингэхдээ хөх нүүрс гэдэг зүйлийг яриад эхэлчихжээ гэж ойлгосон. Хотын дарга Х.Нямбаатар яндангүй бүс байгуулах гэж байгаа. Тэдэн айлыг дулаанаар халаана, тэдэн айлыг газаар халаана гэж ярьсан. Хэрвээ тэрэндээ үнэхээр орж чаддаг бол сайн байна. Гэхдээ яриад яриад орж чаддаггүй шүү дээ.
Манай төр засаг аливаа асуудалд яаж хандаж байгаа гэхээр бүх юм иргэдийн буруу болж хувирч байгаа юм. Шахмал түлш түл гэсэн тэрийг нь иргэд түлсэн. Тэгэхэд иргэд өөрсдөө буруу түлээд өөрсдийнх нь зуух нь эвдэрхий байсан учраас та нар угаартлаа гэж ярьж байгаа юм.
Одоо замын асуудлыг хар. “Та нарыг түгжрэлээ шийд гэж сонгосон шүү дээ” гэж ард түмнийг хэлэхээр “Та нар тэгвэл машин унахаа боль” гээд загнаж байна шүү дээ. Бүх юм ард түмний буруу болж байвал бид тэгвэл төр засаг дээр эрх мэдлээ хэрэгжүүлээд явж байгаа татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа хүмүүст нь хариуцлага тооцох, нэхэх цаг болсон. Улсын мөнгө гэж байдаггүй. Татварын мөнгө гэж байдаг. 1.75 тэрбум их наяд төгрөгийг ,шахмал түлшинд зарцуулчхаад 320 тэрбум нь л борлуулалтын орлого болсон гэж ярьж суухаасаа би ичих байсан. Гол нь тийм үйлдэл хийсэн хүмүүс нэг нь ч ил гарахгүй, хариуцлага хүлээхгүй байгаад би бухимдаж байна.
-Таны хувьд хүмүүсийн амь насыг яагаад нэг тэрбум төгрөгөөр үнэлж байна вэ? Энэ дээр мэдээж тооцоо судалгаа хийсэн л байх?
-Дэлхийн стандартыг харсан. Өөрөөр хэлбэл, Америк, Австрали, Шинэ Зеланд зэрэг хөгжилтэй орнууд яаж үнэлдэг юм байна гэдгийг хараад хамгийн бага хэмжээгээр нь нэхэмжилж байгаа.
-0-5 настай хүүхдүүд угаарын хийн хохирогч болж байгаа талаар Засгийн газарт хандаж байсан шүү дээ. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-Тэрийг нотлох баримт дутуу хэмээн буцаасан. Гэхдээ бид нотлох баримтуудаа цуглуулаад явж байна. Надад олон нотлох баримт байгаа. Тэрийгээ үргэлжлүүлж цуглуулаад явна. Эхлээд Захиргааны хэргийн шүүхэд хандахын тулд үндсэн байгууллагадаа гомдол гаргах учраас Засгийн газарт гомдол гаргана. Ямар хариу ирэхээс нь шалтгаалж шүүхэд өгнө.
-Шахмал түлшнээс болж нас барсан нь тогтоогдох юм бол Засгийн газар уулчлалт гуйж нөхөн төлбөр олгох ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс гомдлоо гаргаад шаардлагаа тавиад явж байна.
-Угаараас болж нас барсан гэх хүмүүсийн тоо янз бүр гарсан. Энэ ямар учиртай талаар та судалсан уу?
-Нийгмийн эрүүл мэндийн төв дээр очоод асуугаад үзээрэй. Тэгэнгүүт 2023, 2024 оны тоог л өгнө. Тэрнээс өмнөх тоо нь тэр байгууллага дээр байхгүй. Очоод уулзахад “Мэргэжлийн хяналтаас ав” гэдэг шаардлагыг надад тавьж байсан. Тэгэхэд Мэргэжлийн хяналт гэдэг байгууллага алга болчихсон. Байцаагч нар нь өөр газруудад тараад байрлачихсан. Хэн ч тэр тоог гаргаж өгөхгүй байсан. Тэгэхээр нь 2023 онд өөрөө Эрүүл мэндийн хөгжлийн төвийн гаргадаг статистик дээр суусан. Тэнд Монгол Улсын хамгийн үнэн зөв мэдээлэл байдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг жил бүрийн номуудыг судалж, шүүх шинжилгээний статистикийн мэдээлэл рүү орж хараад энэ тоонуудыг гаргаж байсан. Нэг их хол зөрөхгүй байх. Ойролцоогоор 700-аад хүн байгаа.
-Угаарын хий тархинд хэрхэн нөлөөлдөг юм бол? Цаашид ямар хор уршиг дагуулдаг вэ? Анагаах ухааны доктор хүний хувьд мэдээлэл өгөхгүй юу?
-Нүүрстөрөгч гэдэг чинь карбокси. Тэгэхээр бидний цусан доторх хүчилтөрөгчийг гемоглобин гэдэг уураг зөөвөрлөдөг. Тэгэхээр тэр нүүрстөрөгч маань хүний бүх биеийг хүчилтөрөгчөөр хангаж байгаа гемоглобинтой нэгдэхээрээ карбоксигемоглобин гэдэг нэгдэл үүсдэг. Тэр нь тархинд очихоороо тархины эсийг үхүүлдэг. Маш аюултай нэгдэл болдог. Тэгэхээр энд химийн процесс явж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Цаашид энэ угаарын асуудлыг яаж шийдвэрлэх нь зүйтэй гэж таны хувьд үзэж байна вэ?
-Нүүрс түлж л байвал утаа гарна. Шахмал түлш түлсэн ч гэсэн утаа гарна тийм учраас бид утаа гаргадаг шахмал түлш түлдэг байдлаасаа бид хурдан татгалзах хэрэгтэй. Бид цахилгаан, газ руу ч шилжиж болно. Эсвэл улс эх орны хувьд бүсээ чангалаад хий дэмий хөдөө гадаа соёлын төв барьж байхын оронд ядаж гэр хорооллын айлын 50 хувийг гурван жилийн хугацаанд барилгажуулах шаардлагатай. Ядаж 30 хувийг нь барилгажуулахад агаарын бохирдлын 30 хувь нь арилна.
Дээрээс нь автомашины дугаарын хязгаарлалт тогтоолоо. Ингээд дугаарын хязгаарлалт тогтоогоод, дугаарыг үнэд оруулаад, дугаарын наймааг цэцэглүүлж байгаа болохоос яг үнэхээр агаарын бохирдлыг боддог байсан бол хуучин машинуудаа л хориглох байсан. Энэ хуучин машинуудаас дунджаар агаарын бохирдлын 15-20 хувийг үүсгэх бохирдол яндангаас нь хаягдаж байгаа шүү дээ. Хуучин машинуудаа хөдөлгөөнд оруулахаас татгалзахын оронд дугаарын бизнесийг цэцэглүүлж байгаа юм. Ингээд л шийдлүүд нь буруу яваад байх юм. Би эмч хүнийхээ хувьд богино хугацаанд барилгажуулах л ёстой гэж боддог.
Түүхий нүүрс түлдэг байх үед юм харагдахын аргагүй хар хөх утаатай, үнэртэй байсан. Шахмал түлш болоод ирсэн чинь угаарын хий нь харагдахгүй, үнэргүй болчихсон. Тэгэхээр энд угаарын хий байна уу, үгүй юу гэдгийг бид мэдэх аргагүй болчхож байгаа юм. Тэгэхээр нас баралт өндөр байна уу даа гэж харж байна.
-Гаднын орнуудын химийн лабораториудаар шинжлүүлнэ гэж нэг хэсэг яригдсан шүү дээ. Энийг та сонссон байх?
-Тийм. Гаднын лабораториудаар шинжлүүлнэ гээд байсан. Тэр шинжилгээний үр дүн нь хаана байна. Тэрийг бодитой мэдээлсэн юм бидэнд байхгүй л байна. Үнэн авч яваад байдаг юм уу, худлаа авч яваад байдаг юм уу сайн хэлж мэдэхгүй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.