dobu.mndobu

СУДАЛГАА: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын нэр хүнд өсөж, Хотын даргынх унажээ

СУДАЛГАА: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын нэр хүнд өсөж, Хотын даргынх унажээ

"МЭК" судалгааны байгууллагаас сар бүр гаргадаг улс төрчдийн барометрийн гуравдугаар сарын дүн гарчээ. Уг судалгааг гуравдугаар сарын 6-11-ний өдрүүдэд нийслэлийн 1050 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авсан байна. 

Судалгаагаар,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын рейтинг өсжээ. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэр хүнд буурсан байна. 

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өмнөх сараас 0,1 оноогоор өсжээ. Ингэхдээ иргэд түүнийг "Ажилч хичээнгүй, шударга, гадаад харилцаа сайжирсан, шийдэмгий зоригтой" гэх зэргээр сайшаасан байна. Харин зарим иргэд "Үнийн өсөлт, ил гарч шийдвэр гаргахгүй байна, иргэдийн амьдрал доройтсон" хэмээн сөрөг сэтгэгдлээ илэрхийлжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд мөн л өмнөх сараас 0,1 оноогоор рейтинг нь өсөж, 5.5 болсон байгаа юм. Судалгаанд оролцсон иргэд түүнийг "Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байгаа, Стратегийн ордуудын өмчлөл, Авлигын эсрэг ажиллагаа, Төмөр замын гэрээ байгуулсан" зэргээр эерэг сэтгэгдлээ илэрхийлжээ. Харин зарим нь "Үнийн өсөлт, эрүүл мэндийн үйлчилгээний доройтол, цахилгааны үнийн өсөлт, татварууд нэмэгдсэн" сөрөг байр суурь илэрхийлсэн байна. 

126 гишүүнтэй парламент бүрдэж, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш үнэлгээ нь тасралтгүй буурсаар байв. Өөрөөр хэлбэл, иргэд энэ удаагийн парламентад өндөр хүлээлттэй байсан ч иргэдийн хүлээлтэд хүрээгүй гэсэн үг юм. Долдугаар сараас хойш тасралтгүй буурсаар байсан УИХ-ын рейтинг өнгөрсөн хоёрдугаар сард 2,7 байсан бол энэ сард 2,8 болж 0,1 оноогоор нэмэгдсэн байна. 

Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын рейтинг буурчээ. Тэрбээр өмнөх сард иргэдээс 3,3 онооны үнэлгээ авч байсан бол энэ сард 3,2 оноо авсан байна. Судалгаанд оролцсон иргэд түүнийг "Хот тохижилтод анхаарч байгаа, торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа, Нийтийн тээвэр сайжирсан" хэмээн эерэг сэтгэгдэл хэлсэн байна. Харин зарим иргэд "Түгжрэл, утаа, угаарталт, машины дугаар олгохгүй байгаа, тээврийн хэрэгслийн татвар нэмсэн" зэргээс болж бухимдаж байна гэжээ.

Иргэдэд таалагддаг улч төрчдийн жагсаалтыг харвал өмнөх сараас ялгаатай нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хасагдаж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нэмэгдсэн байна. Үндсэндээ, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн нэр хүнд буурч, О.Алтангэрэл сайдынх өсөж байна гэсэн үг юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн тухайд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гарган ирж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулахаа илэрхийлээд буй. Харин ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тухайд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн билээ. 

Иргэдэд таалагддаггүй улс төрчдийн жагсаалт өмнөх сарынхтай адил байна. Тодруулбал, иргэдэд хамгийн таалагддаггүй улчтөрчөөр Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд Т.Доржханд, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нар нэрлэгдсэн байгаа юм. 

 

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.