0
Даунтай хүмүүсийн ихэнх нь 21 дүгээр хромосом нь хоёр биш гурвалсан байдаг болохоор гуравдугаар сарын 21-ний өдрийг сонгож тэмдэглэдэг учиртай. Уг өдрийг 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байна.
Энэ өдөр бол баярын өдөр биш харин ойлгох, хүндлэх, хамтрах өдөр юм.
Нэмэлт хромосом нь баяр хөөр, инээмсэглэл өгдөг аз жаргалынх байдаг болохоор даунтай хүмүүст хоёр нүүр гэж байдаггүй, тэд өөрт тулгарсан бүхнийг яг л байгаагаар нь хүлээж авдаг.
Манай улсад одоогоор цэцэрлэгт 133, ерөнхий боловсролын сургуульд 214, мэргэжлийн болон техникийн сургуулиудад 18, насан туршийн суралцахуйн төвд дөрвөн даунтай хүүхэд суралцдаг аж.
Даун синдром бол өвчин биш. Даунтай хүмүүс маш найрсаг, дулаан сэтгэлтэй, үргэлж инээж бусдад инээмсэглэл бэлэглэдэг, дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэднийг дуртай, чаддаг зүйлээр нь хөгжүүлэхэд маш сайн амжилт гаргадаг төдийгүй гоц авьяастай байх нь олонтоо.
Гадаад үзэмжээр нь тэднийг ялгаварлан гадуурхах, цэрвэх үзэгдэл бидний дунд оршсоор л байна. Тэдний хүсэл мөрөөдөл бидний хүсэл мөрөөдөл, тэдний баяр бидний баяр, тэдний гуниг бидний гуниг гэж үгүй, бид нэг л мэдрэмжийг ижилхэн хуваалцдаг.
Энэ өдөр дэлхийн хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж бид нэг ижил хүмүүс гэдгээ илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл бусдадаа бид ч бас адилхан гэдгээ илэрхийлж байна гэсэн үг ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.