dobu.mndobu

Сүржин эхэлсэн “RFID” суурилуулах ажлын төсөв “Бодь”-д очоод замхарсан уу

Сүржин эхэлсэн “RFID” суурилуулах ажлын төсөв “Бодь”-д очоод замхарсан уу

  

 

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чипийг 2023 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн нэг сая автомашинд суурилуулна хэмээн сүржин зарлаж байв. Энэ ажил хийгдсэнээр замын хөдөлгөөний танхайрал арилж, түгжрэл 30 хувиар буурна хэмээн тухайн үед Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар болон Зам тээврийн яамныхан мэдэгдэж байлаа.

Гэвч тэр цагаас хойш хэдийн 2 жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад энэ ажил хэрхсэн нь мэдэгдэхгүй, замхарчээ.

RFID чипийг суулгах ажлын хүрээнд яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй ч хэд хэдэн тендер зарласан нь баримтаар ил байгаа юм. Эдгээр баримтуудыг дор харуулъя.

-“RFID”-ЭЭР ДАМЖУУЛЖ, “БОДЬ” 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГ АВЧЭЭ-

RFID чипийг суулгах ажлын хүрээнд зарласан тендерүүдийг харвал “Бодь групп”-ийн хамаарал бүхий “Бодь-Электроникс” компани шалгарч, гэрээ байгуулсаар иржээ.

Тендер 1:

2023 оны гуравдугаар сард Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ (RFID tag)-г суурилуулах” тендер зарласан байгаа юм. Нийслэлийн төсвөөс 3 тэрбум төгрөгийн төсөв гаргах уг тендерт “Бодь-Электроникс” компани ганцаараа оролцож, шалгарсан байна.

Тендер 2:

2023 оны тавдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамнаас “RFID технологи нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санг өргөжүүлэх” тендер зарлажээ. Энэ нь 4 тэрбум 545 сая төгрөгийн төсвөөр гурван багц ажил хийх байна. Эхний багц нь “Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID tag) худалдан авах” 3,6 тэрбум төгрөгийн ажил байгаа юм. Үүнд мөн л “Бодь-Электроникс” компани шалгарчээ.

 

Э.МӨНХНАСАН: “БОДЬ-ЭЛЕКТРОНИКС” КОМПАНИ RFID СИСТЕМ СУУРИЛУУЛАХ БОЛОН НИЙЛҮҮЛЭХ АЖЛЫГ ДАВХАР ХИЙЖ БАЙГАА

RFID суурилуулах ажлын талаар Зам тээврийн яамны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасангаас тодрууллаа.

-RFID суурилуулна гэж албаныхан мэдээлээд хоёр жилийн хугацаа өнгөрчихлөө. Төсвөөс нэлээд их хэмжээний хөрөнгө мөнгө ч зарцуулсан байна лээ. Энэ ажил юу болж байгаа вэ?

-Ажил үргэлжилж байгаа. Системийн ажил даалгавар нь бэлэн болж байна. Энэ төслийн хүрээнд зам тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн системийг бий болгох ёстой. Мөн олон улсын, улсын чанартай зам дагуу төлбөр авах системийг цахимжуулах ажлыг хийгээгүй байгаа. Энэ хоёр ажлыг энэ жилдээ хийхээр төлөвлөж, хөрөнгө оруулалтыг нь шийдээд, ажлын даалгавар нь бэлэн болж байгаа. Удахгүй худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг зарлана.

Улаанбаатар хотод бол дэд бүтцийн асуудал нь шийдэгдчихсэн.

-Автомашинуудад чип суулгах болон замын уулзвар, тодорхой цэгүүдэд RFID уншигч суурилуулах гээд үндсэн хоёр ажил хийхээр байна гэж харсан. Энэ ажлууд ямар шатандаа яваа вэ?

-RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг үзлэг оношилгоонд орж буй тээврийн хэрэгслүүдэд нааж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт 1,2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 970 мянга орчим нь замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Үүнээс одоогийн байдлаар 480 орчим мянган тээврийн хэрэгсэлд наагаад байна.  

Харин уншигч суурилуулах дэд бүтцийн ажлын тухайд, нийслэлээс хийгээд, бүрэн дууссан. Одоогийн байдлаар 161 уулзвар дээр 455 цэгт RFID уншигчийг суурилуулчихсан. Туршилтаар 13 цэгт ажиллуулж байгаа.

-RFID суурилуулах ажлын хүрээнд яг хэдэн төгрөг зарцуулж байгаа нь тодорхой бус байсаар ирлээ. 10 тэрбум, 20 тэрбум, 44 тэрбум төгрөг гээд янз янзаар ярьсаар байна. Хэдэн төгрөгийн төсөв зарцуулахаас хэдийг нь зарцуулаад байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын төсвийн тухайд, манайх биш нийслэл хариуцдаг. Манайхаас бол Албан журмын даатгалын холбоотой хамтраад хөрөнгө оруулалтаа шийдвэрлэж байгаа. Эхний ээлжинд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулсан.

Цаашид олон улс, улсын чанартай авто замын төлбөр авах системийг цахимжуулах, мэдээллийн систем хийх, тээвэр тоног төхөөрөмж суурилуулах ажилтай холбоотойгоор 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.

-Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерүүдэд бүгдэд нь нэг компани шалгарсан байна лээ...

-Нийслэл болон манайхаас зарласан сонгон шалгаруулалтад ганцхан “Бодь-Электроникс” компани материал ирүүлсэн. Тус компани систем суурилуулах болон чип нийлүүлэх ажлыг давхар хийгээд явж байгаа.

-RFID систем хэзээ ашиглалтад орох вэ?

-Худалдан авах ажиллагаатай холбоотой ажил ямар нэгэн байдлаар хойшлохгүй бол 2025 ондоо бүрэн ашиглалтад оруулна.

 

  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.