0
Сүүлийн жилүүдэд залуус хостой болохоос илүүтэй ганц бие амьдралыг эрхэмлэх болжээ. Ингэснээр өөртөө их цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү анхаардаг аж.
Манай улсын хувьд алслагдсан аймгуудад амьдардаг ганц бие залуусын тоо их болсон. Тухайлбал, Говь-Алтай аймагт 2022 онд зохион байгуулагдсан ганц бие залуусын уулзалтад 300 гаруй ганц бие залуус оролцож байжээ. Тиймээс энэхүү асуудал нь зөвхөн орон нутаг төдийгүй цаашлаад улсын хүн амын тогтвортой хөгжил, эрүүл мэнд гэх мэт олон хүчин зүйлд нөлөөлөх юм. Иймд дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Иргэн М.Индра:
-Би ганц бие. Ганц бие байх нь юманд баригдахгүй дураараа, хөгжилтэй байдаг. Миний хувьд муур тэжээдэг. Тийм болохоор хостой байгаагаас ялгаагүй байдаг.
Судалгаагаар гэртээ муур тэжээх нь сэтгэл санааны хувьд романтик хамтрагчтай байхтай төстэй эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Муур тэжээх нь стрессийг бууруулж, ганцаардлыг багасган, сэтгэл санааг дээшлүүлдэг байна.
Муурны зөөлөн хүрэлт, дулаан оршихуй нь хүний биед окситоцин гэх хайр, итгэлийн дааврын ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь романтик харилцаанд мэдрэгддэг сэтгэл ханамжтай төстэй мэдрэмжийг төрүүлдэг аж. Мөн зүрхний эрүүл мэндийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг болохыг судалгаанууд харуулжээ.
Иргэн Б.Даваажаргал:
-Миний ганц бие байгаа шалтгаан нь хоёр жил ганц бие явсан болохоор хүнтэй харилцаа үүсгэх, бичих хүсэлгүй болчихдог. Ганц бие амьдралдаа дасна гэдэг шиг. Гэхдээ хүн болгон өөр бодолтой байгаа. Зарим үнэхээр хостой болъё гэж хүсээд ч болдоггүй л байх. Хэрэв найз охинтой болбол хэцүү үед түшигтэй байх. Гэхдээ хэцүү үед дэм болдог эрэгтэй найзууд байдаг. Гэхдээ найз охинтой болох талаар бодоод зургаан жил болж байна. Хэрэв санхүүгийн хувьд хүндрэлтэй байвал нэгнийгээ ойлгож ярилцах л чухал байх.
Харин зарим залуусын хувьд "Тохирох, сэтгэлд нь нийцэх хүн нь олдохгүй байгаа юм болов уу гэж боддог. Аль эсвэл зарим хүмүүс албан ёсны харилцаа үүсгэхгүйгээр ганц бие байгаа дээрээ олон хүнтэй харилцаж үзэж зөв хүнээ олох гэж байгаа юм болов уу гэж боддог" хэмээв.
Иргэн Б.Тэмүүлэн:
-Ганц бие байх нь тухайн хүний өөрийнх нь л бодол байх. Миний хувьд ажил дээр гараад өөрийн гэсэн зүйлээ бий болгочхоод тусдаа гарч амьдралаа зохионо гэж боддог.
"Өөрийгөө хөгжүүлж мөнгөтэй болох тал дээр анхаардаг"
Иргэн Б.Сэргэлэнбаяр:
-Миний хувьд ганц бие. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү ажилладаг. Одоохондоо залуу байгаа болохоор өөрийгөө хөгжүүлээд илүү мөнгөтэй болох тал дээр илүү анхаардаг.
Миний бодлоор ганц бие хүмүүс их ганцаарддаг. Тийм болохоор амьтан тэжээвэл түшигтэй хөөрхөн л байх.
"Өнөөгийн залуусын ганц бие байгаа шалтгаанд нийгэмд тулгамдаж байгаа гэр бүлийн сөрөг асуудлын жишээнүүд ихээр нөлөөлдөг"
-Сэтгэлзүйч Б.Батхүү:
-Хүний хэрэгцээг төрөл бүрээр хангадаг болчихсон цаг үед амьдарч байна. Жишээлбэл, 30 жилийн өмнөх рүү очих юм бол утас, телевиз, мэдээллийн хэрэгсэл байхгүй, хаана юу болж байгаа нь мэдэгдэхгүй байдаг байсан. Бусадтай ямар нэг зүйл хуваалцах гэхээр заавал зорьж очдог байдалд байсан. Харин одоо бол өөрийнхөө хэрэгцээг төрөл бүрийн аргаар хангадаг болчихсон цаг үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл тухайн цаг үед хүний хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж байгаа юм шиг хэрэглээнүүд их болчихсон. Юу хүсэж байгаагаас хамаараад тэр зүйлийг хэн нэгэн хүнээс биш материалаас авдаг ийм онцлогтой технологийн өндөр эрин үед бид амьдраад байгаа.
Жишээлбэл, АI, Чат GPT гэх мэтчилэн зүйлээс мэдэх гэсэн зүйлийнхээ хариултыг авчихна. Гэхдээ энэ нь үндсэн хэрэгцээг хангахгүй. Түр зуурын хэрэгцээг л хангана гэсэн үг. Тийм учраас тэр нөхцөл байдалдаа хүмүүс дасан зохицоод амьдраад байна. Иймээс гэр бүлийг асуудал гэж хараад байгаа юм. Нийгэмд тулгамдаж байгаа гэр бүлийн асуудлын жишээнүүд маш их хар бараанаар яригддаг. Тэгэхээр гэр бүл зохиовол өөрөөрөө байж чадахгүй юм байна, өөрөөрөө байж чаддаггүй, араар тавьдаг юм байна гэдгийг хөндлөнгөөс харж байгаа залуусын хувьд тэгвэл гэр бүл болох шаардлага байгаа юм уу, заавал хостой байснаараа өөрийнхөө хэрэгцээг хангах юм уу гэдэг өрөөсгөл ойлголт нийгэмд түгчихсэн.
Дээрээс нь дэлхий хавтгай болчихсон гэдэг шиг ганц бие байгаа дээрээ аялъя, их юм үзье гэсэн бодолтой байдаг. Тэгэхээр тэр нөхцөлүүдийг хангахад мэдээж цаг хугацаа шаардана. Үүнээс болоод гэрлэлт, хүүхэдтэй болох нас оройтох гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ нь хойшлоод байгаа гэсэн үг. Үүнийг буруутгаж бас болохгүй. Нөгөө талаараа байдаг зүйл гээд үзчих юм бол тухайн хүний хүүхэд төрүүлэх, гэрлэлтийн нас зэрэгт тодорхой хэмжээнд сөрөг нөлөө байгаад байдаг. Гэхдээ тухайн хүн үүнийг хэрхэн хүлээж авч байна гэдэг л чухал. Үүнийг нийгэм чухалчилж байгаа учраас шинэ үеийн залуус өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг амьдарч байна. Нөгөө талаар өөрийн бодод өөртөө л зөв, хэний юу гэх нь надад хамаагүй гэдэг манифест үзэл суртлаар хүмүүжиж байна. Ийм цаг үед амьдраад байгаатай илүү их холбож үзэж болно гэсэн үг.
Монголд өдөрт дунджаар 12 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна. 2024 оны байдлаар нийт 14225 гэр бүл шинээр бүртгүүлж, 4463 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан талаар ҮСХ-ноос мэдээлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.