dobu.mndobu

Н.Учрал: Нуураа ч авна, худгаа ч авна, овоо, толгойгоо ч авна

Н.Учрал: Нуураа ч авна, худгаа ч авна, овоо, толгойгоо ч авна

Засгийн газрын өнөөдрийн (2025.04.23) ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрбээр "УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох ХЗДХЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах төслийг боловсруулж ХЗДХ-ийн сайд танилцуулна.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, болон үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. Миний бие төр, түмнээс алдагдсан стратегийн орд газруудын 34-50 хувийг үндэсний баялгийн санд эргүүлэн авах ажлын хэсгийг ахалж байгаа.

Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгд Монголын баялаг.

Үүнд Төгрөг нуур ч бай, Ухаа худаг ч бай бүгд хамаарна. Үүнийг хэн нэгэн бүтээгээгүй тиймээс ард иргэд үүний баялгийг хүртэх зохицуулалттай. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Хуулийн дагуу нуураа ч авна, худгаа ч авна, овоо, толгойгоо ч авна, овоолгоо ч авах ёстой. Энэ бол Үндэсний баялгийн сангийн тухай хууль, ашигт малтмалын тухай хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин. Стратегийн зөвхөн нэг ордын талаар ярихад л олон асуудал үүсэж байгааг та бүхэн харж байна.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгож байгааг мэдэгдье.

Хоёрдугаарт намайг ганцхан Төгрөг нуурын ордтой зууралдаад байна гэдэг шүүмжлэл гарч байна. Төрийн тэргүүн байсан хүн баялгийн эзэн нь монголчууд гэж өөрөө хоолойгоо сөөтөл ярьдаг атлаа "нотолчихвол би 100 хувь өгнө" гэж ард түмнийг тохуурхсан. Тийм учраас өнгөрсөн хугацаанд санхүүгийн болон хуулийн багууд ажилласны үндсэн дээр баримтуудыг цуглуулсан. Баримтуудыг нэгтгээд хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Бидний цуглуулсан баримтууд дотор оффшороос оффшорт нуусан, орноос орон дамжуулсан, үндэстэн дамнасан хэлхээ холбоо бүхий схем үүсгэсэн, 250 сая ам.доллароор зарсныг нотолсон гурван хайрцаг баримтыг шилжүүлэн өгсөн. Өнөөдөр авсан мэдээллээр Улсын Ерөнхий прокурорын шийдвэрээр АТГ, цагдаа, прокурорын хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг та бүхэнд дуулгая" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.