0
Аудитын байгууллагаас Боловсролын зээлийн сангийн 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Шалгалтаар 33.7 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 33.6 тэрбум төгрөгийн зөрчилд гурван албан шаардлага хүргүүлж, 94.8 сая төгрөгийн зөрчилд нэг зөвлөмж өгчээ.
Боловсролын зээлийн сангаас дараах зөрчлүүд илэрсэн байна.
-Засгийн газрын тэтгэлгээр 189,944 ам.доллар, 36,000 еврогийн санхүүжилт авсан дөрвөн суралцагч сургуулиа төгсөөд Боловсролын зээлийн санд ирж бүртгүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 402,882 ам.доллар, 129,384 евро, 278,3 сая төгрөгийн санхүүжилт авсан 32 суралцагч шалгалтад унасан, сургуулиасаа татгалзсан, хаясан, хөөгдсөн шалтгаанаар гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
-Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдаж 254,931 ам.долларын санхүүжилт авсан гурван суралцагч Боловсролын зээлийн санд ирж бүртгүүлээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
-Сангийн санхүүжилтээр магистр, докторын сургалтад хамрагдаж, 751,852 ам.долларын зээл авсан 29 төгсөгчтэй холбоо тогтоож чадаагүй, гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр 4,558,917 ам.доллар, 1,902,319 евро, 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан 205 суралцагчтай тооцоо нийлж баталгаажуулаагүй байна.
-Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр магистр, докторын сургалтад 15,807 ам.долларын зээл авсан найман суралцагчийн хувийн хэрэг (анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, сургалтын байгууллагын урилга, гадаад хэлний шалгалтын материал, онооны хуудас, гэрээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрчилгээний хуулбар, барьцаалбар бүртгэсэн талаарх лавлагаа, дипломын хуулбар болон бусад) сангийн архивд байхгүй байна.
-Өндөр хөгжилтэй орнууд буюу гадаадын сургалтын байгууллагад суралцагсдад олгох тэтгэлэг зээл, тусламжийн бүртгэлийн программыг “ЕСМ” ХХК-аар /2016 оны 16/113 тоот гэрээ/ хийлгэсэн байна. Уг гэрээг дүгнэсэн актгүй, Гэрээгээр хийх ажлыг хэрхэн хүлээж авсан нь тодорхой биш, хүлээж авах ажлын хэсэг томилоогүй, хуучирсан эх код дээр бичигдсэн тул хөгжүүлэлт хийлгэхэд хүндрэлтэй, ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулаагүй, программ хангамжийн оюуны өмчийг хэн эзэмших талаар гэрээнд тусгаж өгөөгүй, одоо ашиглахгүй байна
-Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагчдын мэдээллийг бүртгэх программыг “Эрхэс электроникс” ХХК-аар /2019 оны 19/08 тоот гэрээ/ хийлгэсэн байна. Программыг хүлээж авах ажлын хэсгийг томилолгүй 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Гадаадад суралцагчдын мэдээллийг бүртгэх программ хангамж хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан. Хүлээж авсан программ хангамжийн эх код, баазын болон Үндсэн хөгжүүлэлтийн үр дүнгийн мэдээлэл байхгүй, аюулгүй ажиллагааны тест хийгдээгүй, системийн хэвийн ажиллагааг шалгаж аваагүй, тухайн үедээ суралцагчдын мэдээллийг оруулаагүй, нэмэлт хөгжүүлэлт үйлчилгээний гэрээ хийгээгүй, программыг ашиглаагүй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.