0
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам, Иргэний зориг ногоон нам оролцохоо илэрхийллээ.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд дөрөвдүгээр сарын 23-наас өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасан аж.
Хоёр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дээрх дөрвөн нам оролцохоо илэрхийлснийг аймгийн сонгуулийн хороо бүртгэх шийдвэр гаргажээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад нөхөн сонгууль явуулах бөгөөд Монгол Ардын нам 50, Ардчилсан нам 43, ХҮН нам зургаа, Иргэний зориг ногоон нам нэг мандатад бүртгүүлсэн байна.
Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 8-14-нийг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 17-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Сонгуулийн хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргаж, зургаадугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн саналыг зургаадугаар сарын 22-ны өдөр Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт авна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.