0
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуусан билээ. Түүнд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээгээд Ж.Баярмаа гишүүнийг улс төржиж байна гэх зэргээр байр суурь илэрхийлсэн.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. "Эрдэнэт"-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд "Би байр сууриасаа хазайхгүй". Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай" гэсэн юм.
Энэ нь олны шүүмжлэл дагуулаад буй. Улмаар уг асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйхыг шаардсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Ямартай ч УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.05.01) нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар,
-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
-Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал,
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.