dobu.mndobu

Ядуурал нэмэгдэж, дундаж давхарга нурж байна

Ядуурал нэмэгдэж, дундаж давхарга нурж байна

Монгол Улс хаашаа явна вэ гэдгийг заавал асуух цаг болж. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2022 оны тоон мэдээгээр ядуурлын түвшин 27.1 хувьд хүрч, 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй байгааг харуулж байна.

Үүнээс гадна 346.4 мянган иргэн ядууралд хөл тавихад ганцхан алхмын зайд, эмзэг нөхцөлд амьдарч байгааг статистик хэлж байгаа юм. Энэ нь нийт хүн амын гуравны нэг шахам нь ядуу эсвэл ядууралд өртөх өндөр эрсдэлтэй байгааг илтгэж байгаа ноцтой тоо. Аан гээд анзаараад өнгөрөх асуудал байхаа больж 2016 оноос хойш тасралтгүй эрх барьж байгаа намын бодлогын алдаа, дампуурал, эрх баригчдын хариуцлагагүй, иргэдийн амьдрал бодит байдал дээр хэрхэн уруудаж байгааг гэрчилсэн харанга шууд ойлгож болно.

Улс төр, эдийн засгийн “тогтвортой” байвал улс хөгжинө гэсэн тэдний үг худал байсныг статистик харуулж байна. 2020 оны цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь зөвхөн дээд хөрөнгөтөн, олигархуудын халаасыг зузаатгасан төдий болох нь бодит байдал дээр ил боллоо. Иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн 10 их наядын бодлого хэрэгжүүлсэн ч харамсалтай нь үр дүнгээ өгсөнгүй.

Хамгийн эмзэг давхарга болох дундаж орлоготой иргэдийн амьдрал доройтож, дундаж давхарга нь ядуурлын ангал руу гулсаж буй нь үнэхээрийн эмгэнэл. Монгол Улсад өнөөдөр дундаж давхаргын иргэд гэр бүлээ тэжээхийн тулд хоёр, бүр гурван ажил зэрэг хийх нь хэвийн үзэгдэл болжээ. Өндөр хүүтэй ипотекийн зээл, тасралтгүй өсөх хэрэглээний үнэ, цахилгааны төлбөрөөс эхлээд тасралтгүй өсөж буй үнийн өсөлтийн дарамтад иргэд эцэж туйлдаж, “дундаж” гэх тодорхойлолт нь тоон статистик дээр л үлдэх нөхцөл бүрдлээ.

Нийт ядуу хүн амын 57 хувь нь хот суурин газарт амьдарч байгаа нь “хотжих нь хөгжил” гэх олон жилийн тархи угаалт хэрхэн дампуурсны тод жишээ. Улаанбаатар хотод нийт ядуу иргэдийн 37 хувь амьдарч байна. Үйлдвэрлэлгүй, ажлын байргүй, өндөр үнэ, агаарын бохирдол, түрээсийн дарамттай нийслэл хот нь иргэдийн мөрөөдөл биш зовлонгийн төв болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг хэдийнэ болсон.

Ядуурал зөвхөн эдийн засгийн асуудал биш. Энэ бол улс төрийн сонголтын шууд үр дүн. Төрөөс хэрэгжүүлж буй татварын бодлого, нийгмийн хамгааллын тогтолцоо, ажлын байрны бодлого, боловсролын чанар энэ бүгд нь эцэстээ ядуурлыг өсгөх эсвэл бууруулах гол хүчин зүйлс юм. Өнөөдөр төрийн бодлого нь ядуу иргэдийг улам ядууруулж, баячуудыг илүү баяжуулах чиглэлд тууштай, зориуд чиглэж байгаа мэт харагдаж байна. Үндэсний баялгийг тэгш хуваарилах бус, олигархи бүлэглэлүүдэд төвлөрүүлж байгаа нь дундаж иргэдийн итгэлийг, амьдралын баталгааг, улмаар ардчиллыг бүхэлд нь ганхуулж байна гэж ойлгож болно.

2016, 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, төрийн бүх шатны эрх мэдлийг төвлөрүүлсэн. “Эдийн засгаа сэргээнэ”, “ард иргэдийн амьдралыг дэмжинэ”, “дундаж давхаргыг өсгөнө” гэх амлалт өнөөдөр ямар бодит үр дүн авчирсныг тоон баримтаар дүгнэхээс өөр аргагүй болжээ. Монгол Улсад 914.2 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй, өөрөөр хэлбэл өдрийн амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгаагаас бүх зүйл харагдана. Үүнээс гадна ядуурлын түвшин ойрын хугацаанд 10.3 хувиар нэмэгдэх аюултайг Үндэсний стаститикийн хорооноос анхааруулжээ. МАН-ын амлалт ба бодит байдлын ялгаа энэ.

Өнөөдөр инфляц 12 хувиас давж, өрхийн дундаж орлого инфляцын өсөлтөд гүйцэгдэхгүй, цалингийн худалдан авах чадвар унаж байна. Ажлын байрны тоо өсөөгүй төдийгүй, өндөр ур чадвар шаардсан ажлын байрууд цөөрсөөр байгаа нь залуусыг гадаад руу цувах эрчмийг нэмэгдүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэж байгаа юу. Дундаж давхарга хог дээр гарч байгааг бүгд харж байна. Нөгөө талаас НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн зургийг нь авч цахим хуудастаа оруулсанчлан дундаж давхаргынхан бүгдээрээ Улаан чулуут руу явах нөхцөл улам бий болж байгаа юм.

Судалгаагаар Монголын өрхийн 70 гаруй хувь нь орлогоо зөвхөн хүнсэнд зарцуулж байгаагаас үзэхэд дундаж давхаргын иргэн боловсрол, эрүүл мэнд, амралт, хуримтлал гэх ойлголтоос холдож, зөвхөн амь зуулгын төлөө амьдарч байгаагийн нотолгоо. МАН засагласан сүүлийн жилүүдэд нэг сая орчим иргэн ядуу, эсвэл ядууралд өртөх эрсдэлтэй болсон нь цэвэр бодлогын алдаа гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Өнөөдөр МАН 62 суудалтай парламентад хяналтгүйгээр засаглаж байна. Дээр нь нэмээд Л.Гантөмөр даргатай АН-ыг, Т.Доржханд даргатай ХҮН намыг хөнжилдөө шургуулчихсан. Шүүмжлэл бүхэн “сөрөг хүчний дайралт” болж, иргэдийн бухимдал “турхиралт” гэж буруутгагдаж байгаа энэ үед ядуурал өсч, баялгийн төвлөрөл улам даамжирч байна.

Ядуурлын түвшнийг (ядуурлын хамралтын хүрээ) хоёр жил тутамд тооцдог бөгөөд 2024 оны тайлан 2025 оны 6 дугаар сард гарах тул 2022 оны тайланг үндэслэв. Хөдөө, орон нутгийн хүн амын ядуурлын түвшин буюу 31 хувь байгаа нь улсын дунджаас дээгүүр байгаа юм.

Э.ТЭРГЭЛ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.