dobu.mndobu

Л.Гантөмөр “хойд эцгийн” байр суурь баримтлав

Л.Гантөмөр “хойд эцгийн” байр суурь баримтлав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “Баярцогт даргын асуултад хариулъя” хэмээх хэлсэн нь парламент долоо хоног үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хэмжээнд хүртэл гацаанд оров. Улс төрийн хүрээнд ёс зүйн том алдаа, жендэрийн ялгаварлал, институцийн уналт зэргийг бүхэлд нь илтгэсэн үйлдэл болсон талаар шуугьж байна.

Улс төрийн тавцанд олон эмэгтэй улстөрчид ийм байдлаар системтэй дарамтад өртдөг нь нууц биш. Энэ удаад Ерөнхий сайдын “хөгжилтэй” мэт өгүүлбэр нь эмэгтэй улстөрчийн байр суурь, институцийн нэр хүндийг гутаах хэмжээнд хүрсэнд асуудлын гол оршиж байгаа юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өмнөх долоо хоногт хуралдаж, Ерөнхий сайд уучлалт гуйх хүртэл УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь үндсэндээ сөрөг хүчний хувьд цорын ганц утга учиртай алхам байв. Хэдийгээр улс төрийн оноо авах зорилго агуулсан байж болох ч энэ бол зарчим, ёс зүй, парламентын соёлын төлөөх алхам байсан талаар ярьж байна.

Харамсалтай нь намын гишүүдээ өмгөөлөх ёстой АН-ын дарга Л.Гантөмөр “аавын биш, хойд эцгийн” байр суурь баримтлав. Тэрбээр “Энэ бол хоёр гишүүний хоорондын асуудал. Бид ажлаа хиймээр байна. Хоёр долоо хоног хэрэлдэх нь утгагүй” гэж мэдэгдсэн нь намынхаа бүлгийн шийдвэрийг үгүйсгэсэн, улс төрийн хариуцлагаас бултсан, АН-ыг жинхэнэ утгаар нь тараан бутаргасан явдал боллоо.

Намын даргын хувьд гишүүдийнхээ байр суурийг хамгаалж, Ерөнхий сайдаас ёс зүйн тайлбар шаардах байтал, асуудлыг “эр эм хоёрын хэрүүл” мэт хөнгөрүүлж, улс төрийн хойд эцгийн дүрээр тайлбар хийсэн нь сөрөг хүчний итгэл рүү ус цацсан үйлдэл болов.

Ингэснээр АН-ын даргын энэ үг өөрөө том зөрчил дагуулж байгаа юм. Тэр үнэхээр зарчим яримаар байсан бол намынхаа гишүүний нэр төрийг хамгаалах ёстой байлаа. Мөн бүлгийн шийдвэрийг нэгдмэл байлгаж, Ерөнхий сайдаас тайлбар шаардаж, эмэгтэй гишүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалт байж болохгүй талаар ярих ёстой байсан юм. Тиймээс Монголын улс төр дэх ёс зүйн лидерлэкийн гүн уналтыг харууллаа. Л.Гантөмөрийн энэ үг бол зөвхөн нэг гишүүний асуудал биш. Сөрөг хүчний хэнбугайд ч тохиолдож болох намын удирдлагын урвалт гэж харагдаж байна. Нам доторх дэмжлэггүй, байр суурь нь ганхаж яваа дарга ийм “нейтрал” үг хэлэх нэрийдлээр намынхаа байр суурийг нурааж, эрх баригчдыг чимээгүй дэмжиж байна гэж харахаас өөр аргагүй болж байна.

Ийм нөхцөлд АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдаас биш, өөрийн даргаасаа уучлалт нэхэх хэмжээнд хүрч байгаа нь инээдэм биш, эмгэнэл юм.

Э.ТЭРГЭЛ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.