dobu.mndobu

АУДИТ: "ДЦС-3" ТӨХК сонгуулийн өдөр ажилчдадаа 3.3 сая төгрөг тараажээ

АУДИТ: "ДЦС-3" ТӨХК сонгуулийн өдөр ажилчдадаа 3.3 сая төгрөг тараажээ

 Үндэсний аудитын газраас “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

Аудитаар, тус компаниас 242 сая 746 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Зөрчлүүдийн талаар хүргэе.

СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ӨДӨР АЖИЛЧДАДАА 3.3 САЯ ТӨГРӨГ ТАРААЖЭЭ

Дулааны гуравдугаар цахилгаан станц 2024 оны зургаадугаар сарын 28-нд ажилчдадаа хоолны мөнгө хэмээн 3.3 сая төгрөг олгожээ. Энэ өдөр нь УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай, бүх нийтийн амралтын өдөр байсан юм.

ТУЗ-ИЙН ГИШҮҮД НЬ ӨӨРСДӨДӨӨ 31.1 САЯ ТӨГРӨГИЙГ АВЧЭЭ

Тус байгууллага төлөвлөгөөнд тусгаагүй 2.6 сая төгрөгийн шатахууныг ТУЗ-ийн гишүүддээ олгожээ. Мөн төлөвлөгөөнд тусгаагүй 28.5 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал болгож, ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө авсан байна.

94 САЯЫН ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАЖ АВСАН Ч СОЛЬЖ СУУРИЛУУЛААГҮЙ БАЙНА

Цахилгаан станцын 4-р турбогенераторын их засварын ажлыг хийх үеэр 94 сая төгрөгийн өртөг бүхий техникийг солих шаардлагатай хэмээн тусгажээ. Гэвч шаардлага хангасан хэмээн үзсэн байна. Гэсэн ч төсвөөс мөнгийг нь гаргаж, материалыг нь гүйцэтгэгч компаниас худалдаж авчээ. Үндсэндээ төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан болж таарч байгаа юм.

28.4 САЯ ТӨГРӨГӨӨР МАШИН ТҮРЭЭСЭЛСЭН БАЙНА

2024 оны тавдугаар сарын 2-нд туулах чадвар сайтай автомашинаар үйлчилгээ үзүүлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ байгуулжээ. Үүнд 28.4 сая  төгрөгийг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, 28.4 сая төгрөгөөр машин түрээсэлсэн гэсэн үг. Энэ нь тус байгууллагын үйл ажиллагаанд огт хамааралгүй юм.

79.8 САЯ ТӨГРӨГӨӨР КОНТЕНТ ХИЙЛГҮҮЛЖЭЭ

Тус компани 79.8 сая төгрөгөөр байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой контент хийлгүүлжээ. Тодруулбал, Майнримек ХХК, Блейк стар альфа ХХК, Огмент ХХК, Визлис визард ХХК-уудтай контентын үйлчилгээ авах гэрээ байгуулсан байгаа юм. Энэ нь байгууллагын үйл ажиллагаанд хамааралгүй, ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх зөрчил болж буй аж.

Мөн 2024 оны 1, 3, 8 сард кассын журамд зааснаас илүү үлдэгдэл болох 5 сая 926 мянган төгрөгийг харилцах дансанд тушаагаагүй ажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.