dobu.mndobu

Г.Тэмүүлэн: Засгийн газрын тэнэг бодлогоор эдийн засгаараа тоглож болохгүй

Г.Тэмүүлэн: Засгийн газрын тэнэг бодлогоор эдийн засгаараа тоглож болохгүй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” гэсэн хуулийн төслийг Сангийн яам боловсруулсан байна. Үүний нэг онигоотой буруу зүйл нь юу вэ гэхээр Засгийн газар өөрсдөө үүнийг Сангийн яаманд өргөн барихгүйгээр гишүүдээр гарын үсэг зуруулаад гишүүд үүнийг өргөн барих гэж буй мэтээр оруулж ирэх гэж оролдоод байгаа юм. Энэ буруу. Би гишүүдтэй уулзсан. Дийлэнх нь энийг мэдээгүй байна. Газрын тосны том төслүүд явах ёстой гэж байна. Гэсэн хэдий ч тийм нэрийн дор гадаад зээл тусламжуудаа гадагш нь гаргаад “Төсвийн тогтвортой байдлын хууль”-д заасан ДНБ-ий 2 хувиар тэнцлийн алдагдал хэтэрч болохгүй гэдгийг зөрчиж болно гэсэн заалтыг хийсэн байна. Энэ бол зарчмын хувьд буруу.

Экспорт багасаад импорт нэмэгдээд байна. Энэ хэрээр инфляц өснө, валютын ханш нэмэгдэнэ, төлбөрийн тэнцэл муудна, бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ эргээд иргэдийн нуруун дээр ирнэ.

Тиймээс төсвийн тодотгол хийе. Тэндээс бид эрэмбэлж хасаж болох зүйлээ танаад явъя. Танасан зардлуудаа бууруулъя.

Ирэх 3-5 жилийн хугацаанд ч энэ нөхцөл байдал үргэлжлэхийг таашгүй болчхоод байна. Тэгэхээр Засгийн газрын тэнэг бодлогоор эдийн засгаараа тоглож болохгүй.

Тодотгол хийхгүйгээр хуулийн хулгайгаар тодотгол хийх гэж байгаагийн бодит жишээ гэж харж байна. Сангийн яам энэ асуудлаараа үндэслэлээ гаргаж, тайлбараа хийх ёстой. Мэдэхгүйгээр нь далимдуулж гишүүдээр энэ хуулийн төслийг өргөн бариулж болохгүй.

Нэгдүгээр асуудал нь газрын тос боловсруулах үйлдвэр байгаа. Хоёр дахь нь эрчим хүчний хомсдолоо бууруулахын тулд цахилгаан эрчим хүчийг сайжруулах хангамжийн төслүүд байгаа. Жишээлбэл, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц байж болж байна. Тэгэхээр энийг зохицуулах орон зайг бид төсөв дотроо баталж өгсөн. Тэр дотроо зохицуулалтуудаа хийх ёстой. Алинд нь түрүүлж хэр хэмжээний санхүүжилтийг хийх ёстой тэрийгээ бид бүрэн дүүрэн шийдэж чадна гэсэн энэ асуудлыг Сангийн яам төсөв баталж байх үед ярьж байсан. Тэгэхээр зөвхөн газрын тосыг ярихаар хүн бүхэн зөвшөөрөх юм шиг хандлагаар хандаж төөрөгдүүлж болохгүй.

2024 онд төсвийн тодотгол хийхэд яг ийм зүйл давтагдсан. “Суурь тэнцэл” гэдэг дэлхийд байхгүй нэр томьёог гаргаж ирсэн. Бид нэр томьёог өөрчлөөд суурь асуудалтай тэмцэж чадахгүй байна.

Хүүхэд нүдээ дарахаар нуугдчихсан юм шиг ойлгогдохоор өөрөө өөрийгөө хуурч болохгүй. Бодит нөхцөл байдалтай тулах хэрэгтэй байгаад байна.

2024 онд суурь тэнцэл гэдэг хуулийн өөрчлөлтийг хийсэн. Тэр дээр уг нь эхнийх дээр унагаасан. Гэсэн хэдий ч амжилтад хүрч чадаагүй хүчээр түрээд явчихсан. Одоо энэ яг хоёр дахь арга нь болж байна.

Надад хардах эрх байна. Яагаад төсвийн тодотгол хийхгүй хойшлуулаад байна гэхээр магадгүй зургаадугаар сар болон долоодугаар сард тодотгол хийхээр тэнд хэмнэх зардал гарахгүй. Бүх тендерүүд нь зарлагдана. Магадгүй том бүтээн байгуулалтын ажлууд нь эхэлчихсэн байна. Нэгэнтээ эхэлчихсэн хойно тэр дээр хэмнэх зардал гарахгүй учраас эргээд тодотгол хийх шаардлагагүй болчхож байгаа юм.

Тэгэхээр оны төгсгөлд нөхцөл байдал яахыг мэдэхгүй байгаад байна. Манай экспорт муудсанаас болоод өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдлыг аваад үзэх юм бол эдийн засгийн өсөлт бидний төсөөлж, тооцоолж байсан 7 хувиас 4 хувь руу орох нөхцөл байдал орж ирж байна.

Инфляц дээр үзүүлж байгаа нөлөөллийг аваад үзэх юм бол 2 хувиар нөлөөлөх нөлөөллүүд гарч ирж байна.

Монголбанкны бодлогын хүү бүхэл бүтэн 2 функтээр нэмэгдэж байсан тохиолдол байхгүй. Хуучин хагас болон 1 хувиар нэмэгдүүлж байсан. Энэ бол төсөв санхүү дээр өгч байгаа маш том дохио болчхож байгаа юм.

Тэгэхээр бид зөвхөн мөнгөний бодлогод догонцоод энийг хийгээд байж болохгүй. Нөгөө талдаа төсөв, мөнгөний бодлого нь хоёулаа нийлж байж Монгол Улсын эдийн засаг зохицуулалт нь зөв явдаг. Тиймээс мөнгөний болон төсвийн бодлогыг хумих асуудлыг хийхгүй бол арилжааны банкуудаас гарах зээл нь үнэтэй болно, олдоц ховор болно, ард иргэдийн төлөх төлбөрийн асуудал нь ч хүндрээд явах нөхцөл байдал үүснэ" хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.