dobu.mndobu

О.Тэмүүлэн, Ө.Өгөөмөр нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөлдөө чирлээ

О.Тэмүүлэн, Ө.Өгөөмөр нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөлдөө чирлээ

Нэг үеэ бодоход монголчууд шударга ёс, монгол төрийн ёс зүйн хэм хэмжээг нэхдэг болж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ, шалгагдаагүй хөрөнгийн асуудал нийгмийн маш том давлагаа болж байна. Тэрбээр 20-хон настай, ажил эрхэлдэггүй, ямар ч тодорхой орлогогүй атлаа найз охиндоо өндөр үнэтэй автомашин, брэндийн хувцас, 20 сая төгрөгийн шилжүүлэг гүйцэтгэсэн нь ард түмний амьдралын бодит байдлыг илт басамжилсан, төрийн өндөр албан тушаалтны нөлөө байсан уу гэдэг дээр анхаарч байгаа юм. 


Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын дэмжлэгтэйгээр томилогддог ч ард түмний итгэлийг хүлээж, ардчилсан тогтолцооны гол зангилаа болсон албан тушаалтан. Тиймээс зөвхөн өөрийн бус, гэр бүлийн гишүүдийнхээ ёс зүй, нийгмийн хариуцлагад мөн адил хариуцлага хүлээх учиртай талаар цахим орчинд хөдөлгөөн өрнөж байна. 


Гэвч өнөөдөр эрх баригчид хэзээний мэддэг, хэвлэл мэдээллээр “үргэлж цэвэрхэн” харагдахыг хүсдэг PR-аас цааш хэтэрч чадахгүй байгаа нь нууц биш. Өнөөдөр олон улсад, тэр дундаа парламентын засаглалтай орнуудад Ерөнхий сайд нар хамаарал бүхий этгээдийн ёс зүйгүй үйлдлээс үүдэн өөрсдөө огцордог. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн зөвлөхтэй холбоотой гэрээний асуудлаар тэрбээр парламентын өмнө уучлал гуйж, сэтгүүлчдийн асуултад хэдэн цаг хариулсан байдаг. 


Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг найз эмэгтэйнх нь ашиг сонирхлын зөрчлийн улмаас огцруулж, шоронд хорьсон. Одоо бид “Ерөнхий сайдын хүүгийн найз охины аавын хамаарал” гэх мэт шоглоомын бай болгож байгаа юм. Гэтэл үндсэн асуудал бол төрд итгэх итгэлийг алдагдуулж буй, нийтийн хөрөнгөөр тансаглаж байж болзошгүй нөхцөл байдал юм. 


Засгийн газрын тэргүүн гэр бүлдээ хяналт тавьж чадахгүй бол төрийг хэрхэн удирдах вэ. Хэрэв Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ үйлдэлд холбоогүй гэвэл үүнийгээ хөрөнгийн эх үүсвэрээр баталгаажуулж, ард түмэнд тайлагнах ёстой. Үүнийг л иргэд хүсэж байна. Монголын төр хэнийг ч хаацайлдаггүй, хэн ч хариуцлага хүлээдэг системтэй гэдгийг харуулахгүй бол “ёс зүй” хэмээх үг Монголын улс төрөөс бүрмөсөн арчигдана. Ард түмэн тэвчээрийн эцэстээ хүрсэн. Одоо бол хар пиар, чиглэл өөрчлөх оролдлогоор ард түмнийг хуурах цаг биш. Харин хариуцлага хүлээж, хүндэтгэлтэйгээр тайлбар хийх ёстой цаг. 


Улс төрийнхөө карьер нь үргэлж өсөж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү нь О.Тэмүүлэн, найз охин Ө.Өгөөмөр нар ийнхүү аавынхаа улс төрд гал улаан дохио маналзуулчихлаа. Угтаа бизнесийн томчууд, улс төрийн акулуудтай хийх тэмцэлдээ бууж өгөөгүй Ерөнхий сайдыг хүү, бэр нь хөлдөө чирнэ гэж хэн санах билээ. 


1. Өмнөд Солонгос-Пак Гын Хэ (Ерөнхийлөгч)-Найзынхаа нөлөөгөөр шоронд хоригдсон
2016 онд Ерөнхийлөгч Пак Гын Хэ найз Чой Сүн Шилдээ төрийн нууц мэдээлэл дамжуулж, олон компанид дарамт шахалт үзүүлсэн хэрэгт холбогдож, 2017 онд огцорч, 25 жилийн ял авч шоронд хоригдсон. Найз нь төрийн эрх мэдэлд нөлөөлсөн гэж үзсэн нь хангалттай байсан. 


2. Их Британи-Борис Жонсон-Төрийн хөл хорионы үеийн үдэшлэг
Цар тахлын үед хатуу хорио тогтоож, иргэдээ гэрт нь хорьж байхдаа өөрөө Дауннинг стритэд үдэшлэг зохион байгуулсан нь илэрч, олон нийтийн уур хилэнг өдөөж, 2022 онд албан тушаалаасаа огцорсон. Зөрчсөн хууль нь тийм ч ноцтой биш ч, ёс зүйн хариуцлага чухал байсан. 


3. Япон-Шинзо Абэ болон “Мори Томогако” дунд сургуулийн хэрэг
Ерөнхий сайд асан Абэ-г найздаа дэмжлэг үзүүлэн нэгэн сургуульд газрын болон санхүүгийн давуу байдал олгосон гэж үзсэн. Хэдийгээр шууд хэрэг нотлогдоогүй ч, 2018 онд томоохон эсэргүүцэл өрнөж, Засгийн газар бүхэлдээ огцорсон. 


4. Чех-Петр Нечас-Найз бүсгүйн нөлөө
Ерөнхий сайд Петр Нечасын найз бүсгүй төрийн байгууллагуудад хууль бус шахалт үзүүлж, өрсөлдөгчдийг тагнасан хэрэгт холбогдож, тэр даруйдаа огцорсон. Төрийн эрх мэдлийг хувийн амраг нь ашигласан гэж үзсэн. 


5. Франц-Франсуа Фийон-Эхнэрээ “хий хоосон” албанд томилсон
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Франсуа Фийон эхнэрээ олон жил “ажил хийлгүйгээр” цалин авдаг туслахаар бүртгүүлсэн нь ил болж, нэр дэвшигчийн байр сууриа алдаж, хожим таван жилийн ял сонссон. Эхнэрийн оронд ажлын байр бүрдүүлсэн нь улс төрийн карьерыг дуусгасан.


6. Герман-Кристиан Вулф (Ерөнхийлөгч)-Хувийн зочид буудалд хөнгөлөлт авч, ёс зүй зөрчсөн
2012 онд Герман улсын Ерөнхийлөгч Кристиан Вулф найзаасаа хөнгөлөлттэй зээл авсан, зочид буудалд хөнгөлөлт эдэлсэн зэрэг жижиг ёс зүйн асуудлаар олон нийтэд шүүмжлэгдэж, ЁС ЗҮЙН ШАЛТГААНААР огцорсон. Шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн ч, улс төрийн хариуцлагаа өөрөө хүлээсэн. 


7. Перу-Педро Кастильо (Ерөнхийлөгч)-Хамаатнуудаа төрийн албанд томилсон
2022 онд Ерөнхийлөгч Кастильо 30 гаруй хамаарал бүхий хүнээ төрийн албанд хууль бусаар томилсон хэрэгт холбогдож, Перугийн Конгресс түүнийг төрийн эрх мэдлийг урвуулсан гэж үзэн шууд огцруулсан.


8. Израиль-Биньямин Нетаньяху-Гэр бүлийнхээ бэлгийн болон эд хөрөнгийн авлигын дуулиан
Нетаньяху болон түүний гэргий Сара Нетаньяху нар олон нийтийн хөрөнгөөр тансаг үдэшлэг, үнэт эдлэл, сэтгэл зүйн үйлчилгээ авч байсан нь ил болж, 2019 онд шүүхэд татагдсан. Тэр өөрөө Ерөнхий сайдын суудалд үлдэхийн тулд удаан хугацаанд эрх мэдлээ ашигласан нь ардчиллыг унагах аюултай гэж үзэгдсэн. 


9. Тайланд-Инглук Шинаватра-Ахын бизнесийг дэмжсэн гэж үзэн шоронд хоригдсон

2014 онд Ерөнхий сайд Инглук Шинаватра нь ах Таксин Шинаватрагийн бизнес, улс төрийн ашиг сонирхолд үйлчилсэн гэж буруутгагдаж, цагаан будааны бодлогын асуудлаар 5 жилийн ял авсан. Хамаарал бүхий этгээдийн бизнесийн төлөө төрийн мөнгийг буруу зарцуулсан гэдгээр ял шийтгэл хүлээсэн.


10. Австри-Себастиан Курц-Найз нөхөд, хэвлэл мэдээлэлд татварын мөнгөөр PR хийсэн

2021 онд Австрийн канцлер Курц төрийн мөнгөөр нэр хүндээ өргөх зорилгоор хэвлэл мэдээлэлд нөлөөлсөн, нууц түншүүддээ ашигтай тендер олгосон гэх хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр огцорсон.


11. Исланд-Сигмундур Давид Гуннлаугссон-Панамын баримтаар ил болсон оффшор данс

2016 онд “Панамын баримтууд”-аар Ерөнхий сайдын нэр оффшор данстай холбогдож, ард түмний эсэргүүцэлд өртөн, 48 цагийн дотор огцорсон.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.