dobu.mndobu

Ж.Оджаргал: Тавантолгой дахь бүх зөвшөөрлөө өгөөд Бортолгой, Ухаахудаг, Бортээг дэх зөвшөөрлөө авч үлдмээр байна

Ж.Оджаргал: Тавантолгой дахь бүх зөвшөөрлөө өгөөд Бортолгой, Ухаахудаг, Бортээг дэх зөвшөөрлөө авч үлдмээр байна

Одоогоос 17 жилийн өмнө Монголын Засгийн газар “Энержи ресурс” ХХК-ийн мэдэлд байсан Тавантолгойн бүлэг ордын лицензийг эргүүлэн авч Ухаахудагийн лицензийг үлдээсэн байдаг. Тухайн үед Санжийн Баярын толгойлсон Засгийн газар Ухаахудагийн ордын лицензийг “Энержи ресурс” ХХК-д өгөхдөө хууль зөрчиж өгсөн гэдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл тухайн үед чухам ямар яриа хэлэлцээ өрнөв гэдгийг та бүхэнд сонирхуулъя.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 16-р тэмдэглэлд “Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурах тухай” асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авах талаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулах гэрээнд гарын үсэг зурахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүд даалгажээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Засгийн газар, “Энержи ресурс” ХХК-ийн хоорондох яриа хэлэлцээ 9 удаа болжээ. Хуралдааны тэмдэглэлээс товчлон хүргэе.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсгийг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү тэргүүтэй албаныхан, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж ажлын хэсгийн ахлагч “Энержи ресурс “ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал  П.Батсайхан, “Моннис” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Чулуунбаатар зэрэг хүмүүс оролцжээ.

“Энержи ресурс” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 14 хувийг эзэмших санал гаргав

Ж.Оджаргал: Тусгай зөвшөөрлийг цаашид эзэмшигч төрийн өмчийн компанийн хувьцааны 14 хувийг  “Энержи ресурс” ХХК эзэмших  нөхцөлийг тэргүүн ээлжид тохиролцох саналыг дэвшүүлэв. Энэхүү нөхцөлийг талууд харилцан тохиролцож, төрд тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 14 хувийг  “Энержи ресурс” ХХК эзэмших гэрээг тусгай зөвшөөрлийг төрд шилжүүлэх гэрээтэй хамт байгуулах ёстой гэж үзэж байгаагаа “Энержи ресурс” ХХК илэрхийлэв.

Мөн дээрх саналыг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Тавантолгой төслийг  зах зээлийн өнөөгийн үнээр үнэлж тохиролцсоны үндсэн дээр төрд шилжүүлэхийг “Энержи ресурс” ХХК санал болгов.

Х.Наранхүү: Тавантолгойн лицензийг цаашид эзэмших төрийн өмчийн компанийн 14 хувийг “Энержи ресурс” ХХК эзэмших хувилбар болон Тавантолгой төслийг зах зээлийн үнээр үнэлж худалдан авах хувилбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Засгийн газарт бэлэн мөнгө байхгүй. Тиймээс “Энержи ресурс” ХХК-д ашигт малтмал ашиглах өөр талбай олгож болох хувилбарыг дэвшүүлэв.

Ж.Оджаргал: 86х14 гэсэн хувилбарын оронд 90х10 гэсэн харьцаатайгаар хамтран эзэмших хувилбарыг  хэлэлцэхийг санал болгож байна.

Х.Наранхүү: Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд ажлын хэсэгт энэ саналыг хэлэлцэх эрх мэдэл надад байхгүй.

Ж.Оюунгэрэл: Өөр талбай гэдэг нь коксжих нүүрсний орд уу, хайгуул хийгээд нөөц нь тогтоогдсон талбай байх уу.

Х.Наранхүү: Ашигт малтмалын ямар ордтой ямар талбай байхыг хэлж мэдэхгүй байна. Хэлцэл гацаанд ороод байгаа учраас л гаргаж ирж байгаа хувилбар, бүгдээрээ хоёр талаасаа сайн ярилцъя.

Ж.Оджаргал: “Энержи ресурс” ХХК зургаан лиценз эзэмшдэгээс хоёр нь л Тавантолгой нэрээр, үлдсэн нь өөр нэрээр байдаг. Гэхдээ “Энержи ресурс” ХХК-ийн хувьд Тавантолгойн орд газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэйгөө үлдэх сонирхолтой байна.

Х.Наранхүү: Энэ асуудлыг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тодруулж нягталъя.

Ж.Оджаргал: “Энержи ресурс” ХХК Тавантолгойн орд дээр  өөрсдийн эзэмшиж байгаа лиценз бүхий талбайгаас  тодорхой хэсгийг эзэмшиж  бусад хэсгийг төрд шилжүүлэх  хувилбар урьдчилан ярилцаад байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.