dobu.mndobu

АН-ын гишүүд Л.Гантөмөрт шаардлага хүргүүллээ

АН-ын гишүүд Л.Гантөмөрт шаардлага хүргүүллээ

АН-ын гишүүд өнөөдөр /2025.05.19/ УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-д Ардчиллыг төлөөлөн суугаа тус намын 42 гишүүн, намын дарга Л.Гантөмөр нарт шаардлага хүргүүллээ.

Тодруулбал "АН-ын дарга Л.Гантөмөр танаа,

Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хувийн өмчийг хамгаалсан, засаглалын нээлттэй төрийн цомхон байдлыг эрхэмлэсэн баруун төвийн үзэл баримтлалтай Монгол Улс дахь үндэсний хэмжээний бүтэц бүхий голлох улс төрийн хүчин мөн билээ. 35 жилийн өмнө Монголын зоригт хөвгүүд, охид залуусын түүчээлсэн Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс нээлттэй, Ардчилсан засаглалтай улс болж хөгжсөн. Үр дүнг олж авсан. Ингэснээр олж авсан ололтоо улам бататган бэхжүүлэхийн тулд ардчилсан хувьсгалын гишүүд дэмжигчид улс төрийн хүчин болон бүтэцлэгдэж, өнөөдрийн Ардчилсан намын суурийг тавьсныг сануулъя.

Ардчилсан зарчмыг уландаа гишгэн үе үеийн туулж ирсэн ардчилсан гишүүдийн бүтээл, хичээл зүтгэлийг баллаж, засаглалын хяналт тэнцвэрийн үндсэн зарчмыг алдагдууллаа. Ингэснээр эрх баригчдын хулгай, авлига цэцэглэж, улс орны хөгжил доройтон, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам ядуурахад хүрч байна. Угтаа 2024 онд УИХ-ын сонгуулиар монголын сонгогч иргэд, мөн намын гишүүд дэмжигчид АН-ын 42 гишүүнийг сонгож парламентад нийт суудлын 33 хувь буюу эрх баригчдад хүчтэй хяналт тавихыг даалгасан юм. Иймд энэ даалгаврыг биелүүлж АН-ын дарга Л.Гантөмөр таныг 2024 оны сонгуулиар иргэдээс авсан эрх баригчдад хяналт тавих үүргээ биелүүлэн МАН-ын Засгийн газраас нэн даруй гарахыг намын гишүүд бид эрс шийдэмгийгээр шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлбээс монголын сонгогчдын болон АН-ын гишүүдийг залилан луйвардсан, АН-ын Үндсэн дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.1, 1.2, Гишүүний эрхийн 3.6, 3.6.2, 3.6.4, 3.6.6, 3.10.3, Намын их хурлын 5.12, Намын даргын эрх, үүргийн 5.17.5.3, 5.17.5.4, 5.17.5.6, 5.17.5.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж АН-ын даргаас огцруулах хөдөлгөөнийг эхлүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлж байгаа аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.