0
БНСУ-ын "NBN News"-ийн сэтгүүлч Ким Сан Бэ “Шанелийн цүнхээс үүдсэн уур хилэн... Монгол Улсын Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ шүүмжлэл дагуулж, огцрохыг шаардах дуу хоолой хүчтэй өрнөв” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Уг мэдээг орчуулан хүргэе.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ огцрох хүчтэй шахалтад өртөөд байна.
Уг асуудал нь, түүний хүү болон хүүгийнх нь сүйт бүсгүй тансаг эд зүйлс, үнэтэй машин зэргийнхээ зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлснээр эхэлжээ. Улаанбаатар хотын төвд орших Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдын огцрохыг шаардсан жагсаал өдөр бүр үргэлжилж байна.
News.mn болон Sonin.mn сайтуудын мэдээлснээр, Ерөнхий сайдын хүүгийн сүйт бүсгүй нь Францын тансаг зэрэглэлийн Chanel брэндийн цүнх, Италийн брэндийн алмаазан бөгж, Японд үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн автомашиныг олон нийтэд гайхуулсан бичлэг, зургуудыг сошиалд нийтэлсэн байна. Тэрбээр эдгээр үнэт эдлэлээ “Ерөнхий сайдын хүү Тэмүүлэнгээс бэлгэнд авсан” хэмээн тодотгосон бөгөөд тэдгээр зураг, бичлэгүүд нь богино хугацаанд Монгол даяар тархжээ.
Иргэдийн зүгээс “Ерөнхий сайдын хүү албан ёсны орлогоороо ийм хэмжээний тансаг зүйлс авах боломжгүй” хэмээн буруушааж, авлигын шинжтэй үйлдэл хэмээн үзэж байгаа юм.
Улмаар жагсагчид Ерөнхий сайдын хүүг орлогын эх үүсвэрээ олон нийтэд ил болгохыг шаардаж, Ерөнхий сайдыг нэн даруй огцрохыг уриалж байна. Мөн түүнийг огцруулахыг шаардсан онлайн гарын үсгийн аянд тавдугаар сарын 16-ны байдлаар 40,000 гаруй дэмжиж, гарын үсэг зураад байна.
Жагсаалд Chanel брэндийн гар цүнх эсэргүүцлийн бэлгэдэл болжээ. Олон залуус цүнх барин жагсаалд оролцож байгаа нь энэхүү дуулианы эхлэл болсон зураг, бичлэгийг ёгтлон шүүмжилж буй хэлбэр аж.
Тун шударга дүр төрхтэйгөөр засгийн эрхэнд очсон Оюун-Эрдэнэ төрийн албаны авлигыг арилгахыг зорьж буйгаа ярьсаар ирсэн ч энэхүү дуулиан түүний ёс суртахуун, улс төрийн үйл хэрэгт хүчтэй цохилт өглөө. Монголын эрх баригчид олон нийтийн шахалтаар Ерөнхий сайдын хүү болон сүйт бүсгүйнх нь хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлжээ.
Улс төрийн хүрээ болон олон нийтийн дунд энэ хэрэг энгийн нэг сошиал маргаан бус, Монголын улс төр, бизнесийн хамаарал, элит давхаргын ёс суртахууны доройтолд иргэдийн бухимдал дэлбэрсэн үйл явдал болж байна.
Нөгөө талаар, Ерөнхий сайд одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд түүнийг огцрох эсэх асуудалд олон нийтийн анхаарал төвлөрч байна.
Нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.