dobu.mndobu

Барилгын өртөг өмнөх улирлаас 0.6 хувиар өсжээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-11-08

Барилгын өртөг өмнөх улирлаас 0.6 хувиар өсжээ

Барилга, байгууламж барьж байгуулахад зарцуулж буй барилгын материал, машин, механизм, цалингийн үнийн өөрчлөлтийг “Барилгын өртгийн индекс” илэрхийлдэг. Өдгөө барилгын өртөг өмнөх улирлаас 0.6 хувиар өсжээ.

Барилгын өртгийн ерөнхий индекс 2015 онд 100 байсан бол 2023 оны гуравдугаар улиралд 250.4 болж, барилгын өртөг өмнөх оны мөн үеэс 12.8 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх улирлаас 0.6 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны барилгын өртгийн индекс 2015 онд 100 байсан бол энэ оны гуравдугаар улиралд 289.5 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувиар тус тус өссөн бол өмнөх улирлаас 5.1 хувиар буурсан байна.

Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 5.1 хувиар буурахад:

    • материалын өртөг 10.4 хувь,
    • машин механизмын түрээсийн зардал 8.7 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Барилгын төрлийг дотор нь орон сууцны, орон сууцны бус барилга, инженерийн барилга, байгууламж гэж хуваадаг аж.

Тэгвэл үүнээс орон сууцны бус барилгын өртгийн индекс 2015 онд 100 байсан бол энэ оны гуравдугаар улиралд 246.0 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх улирлаас 2.8 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлаас өсөхөд эмнэлэг, сувиллын барилгын өртөг 10.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс гуравдугаар улиралд 164.0 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн бол өмнөх оны эцсээс 1.4 хувь, өмнөх улирлаас 6.6 хувиар тус тус буурсан байна.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, инженерийн барилга, байгууламжийн өртөг өмнөх улирлаас 6.6 хувиар буурахад авто замын байгууламжийн өртөг 7.7 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

                                                                                                                   Н.УЯНГА

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.