dobu.mndobu

Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Баянхонгор аймагт болж байна

Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг Баянхонгор аймагт болж байна

"Эв нэгдлээс институт" аяны хүрээнд зохион байгуулагдаж буй Ардчилсан намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2025.05.29/ Баянхонгор аймагт болж байна.

Хэлэлцүүлэгт нийт 20 сумын 200 гаруй Ардчилсан намын гишүүд дэмжигчид оролцож санал бодлоо илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, ҮБХ-ны гишүүн, Монголын Ардчилсан холбооны дэд дарга П.Нүрзэд, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Бат-Од, Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч П.Дашзэвэг нар оролцож намын гишүүд дэмжигчдийн санал бодлыг сонслоо.

Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн Үндсэн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибалаар ахлуулан өнгөрөгч хоёрдугаар сард байгуулагдсан билээ. Ажлын хэсэг өнгөрсөн гурван сарын хугацаанд ажиллаж, уг төслийг боловсруулан төв болон хойд бүсэд арав гаруй хоног явж нийт гишүүд дэмжигчдэдээ танилцуулж, санал бодлыг нь сонсов.

Хөтөлбөрт хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөний талаарх зорилт нь тодорхой туссан байгаад гишүүд сайшаасан юм. Харин Үндсэн дүрэмд намын гишүүний хариуцлагын асуудлыг илүү чанаржуулах, эв нэгдэлтэй байх, гишүүд үзэл баримтлалдаа тууштай байхыг намын дүрэмдээ тусгах, дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрт ардчиллын түүхийг нарийвчлан тусгах шаардлагатай гэх мэт байр суурийг илэрхийллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.