1
Өчигдөр /2025.06.04/ Төрийн соёрхолт, Гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал болж УДШ-ээс түүнийг цагаатгасан шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл түүний охин Б.Хонгорзул өөрийн цахим хуудастаа “Шинэ өглөө. Аав маань эрх чөлөөт хүн болж сэрж байгаа сайхан өглөө. Зөвхөн аав, манай гэр бүл, ахан дүүсийн төдийгүй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах салбарыг нуруун дээрээ авч ирсэн, ирээдүйд авч явах бүх эмч, эмнэлгийн ажилтнууд, амьдрах урт өдрүүдийн төлөө донор хүлээн суугаа өвчтөнүүд, тэдний ар гэр, бүхэлдээ анагаахын салбарт нар туссан шинэ өглөө.
Бүх зүйлд талархаж байна. Өнгөрсөн цаг хугацаанд үргэлж бидэнтэй байсан бүх хүмүүстээ баярлалаа.
Буруу, зөвийг бүх талаас нь тунгаан харж, үнэнээр шүүж чадсан Монгол Улсын дээд шүүх -дээ гүнээ талархаж байна. Үнэн гэж байдаг, үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцэж болдог гэдгийг харуулсанд баярлалаа.
Маш яаралтай арга хэмжээ авах шаардлагатай үед Хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэрийг цаг тухай бүрд нь гаргаж байсан ШШГЕГ, 461, 429-р хорих ангийн албан хаагч нартаа мөн баярлалаа.
ШУГТЭ, ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууддаа маш их баярлалаа.
Цоо шинэ салбарыг Монгол улсдаа эхлүүлэхээр хоёулхнаа гар барьж, урт аяллыг эхлүүлж байсан шигээ хамтрагчийнхаа төлөө, салбарынхаа төлөө гуйвшгүй хамт байсан багшдаа – Проф. Sergelen Orgoi эмч, УНТЭ-ийн Элэг болон бөөр шилжүүлэн суулгах баг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах баг хамт олон, Erdenekhuu Nansalmaa багш, ЭМХТ-ЭЭЭШСҮАЗА-ны хамт олон, салбарынхаа зовлон жаргалыг мэддэг, тэднийхээ төлөөлөл болж чаддаг төрийн түшээ Chinburen Jigjidsuren эмч танд баярлаж байна.
Баярлаж талархсанаа хэлэх маш олон хүн байна. Тухай мөч бүрд цаг зав гарган уулзаж зөвлөгөө өгч, сэтгэлийн дэм, урам зориг хайрласан бүх хүнд гүнээ талархаж байна. Бүгдийг нэр дурдаж чадахгүйг минь ойлгоорой.
Хууль эрх зүйн хувьд бэхжээгүй эмзэг турьхан энэ салбарын онцлогт тааруулж мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан өмгөөлөгчдийн багтаа баярлалаа Bayaraa Battuvshin, Gotov Oyuntsetseg… Тал талаас нэгдэж ажилласан энэ хүмүүс итгэл үнэмшлийнхээ төлөө пробоно (үнэ хөлсгүй) ажилласан гэдэг нь түүх болж үлдэх нь лавтай. Хэвлэл мэдээллийн салбарын үнэ цэн, мэргэжлийн хүмүүс өөр байдгийг ойлгуулж өгсөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бүх байгууллагынханд талархаж байна.
Ил гарах шаардлагагүй ч эмчийнхээ төлөө үнэнийг хэлнэ гээд үгээ хэлсэн донор, реципиентүүдээс эхлээд асуудалд өөрийн байр суурийг илэрхийлж байсан бүх эмч, эмнэлгийн ажилтнууд, хуульч, мэргэжилтнүүд, “эмчийг сулла” гээд пост бичиж, сэтгэгдэл үлдээн, зөв мэдээ мэдээллийг түгээж байсан хүн бүрт гүнээ талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Үгээр ч илэрхийлэхийн аргагүй баярлаж байна, та нартаа. Та нарын алхам бүр энэ салбарын хөгжил дэвшил, Монгол хүн эх нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломж, эрүүл энх урт удаан амьдрах маш том боломжийг нээсэн юм шүү. Энэ бол ганц миний аав П.Батчулуун гэдэг хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний асуудал байгаагүй. Салбарынхаа нэр төр, итгэл үнэмшлийн төлөө анхны өдрөөс аваад эрчимт эмчилгээнд орох хүртлээ бат зогсч байсан ааваараа бахархаж байна. Алдаа, оноотой энэ салбарын хөгжлийг хууль эрх зүй, олон нийтийн ойлголт дэмжлэгтэйгээр урагшлуулж чадах кэйс болж үлдэх нь тодорхой.
Эцэст нь үргэлжид дэмжиж, хамт байсан АШУҮИС-ийн хамт олон (Ялангуяа БиоАХ-ийн хамт олон & багийн хамт олон),
Нэгэн биений минь нэг хэсэг мэт үргэлжид хамт байдаг хайртай гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, үнэнчээр хувиршгүйгээр цаг мөч бүрт бат зогсон хамт байсан аав ээжийн минь болон манай гэр бүлийн анд нөхөд, найз нартаа баярлалаа.
Хар дарсан өдрүүд дуусч, шинэ өглөө эхэлж байна” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.