0
Парламент ард түмний төлөөлөл, иргэд парламентын гишүүдээр дамжуулан төрийн эрхийг барина гэдэг. Энэ бол ёстой худлаа гэдгийг харуулсан үйл явц өчигдөр МАН-д өрнөлөө. 2024 онд болсон УИХ-ын сонгуульд УИХ-ын даргын албан тушаалтайгаар сонгуульдсан Хангайн бүсэд ялагдал хүлээсэн Г.Занданшатарыг МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.
Ард түмэн нь таалаагүй байхад Ардын намынхан таалж, хаалгаар өшиглөөд гаргасан Г.Занданшатар нь тооноор ирж ирсэн юм.
Энэ бол төрийн доройтол мөн юм. Ардчиллын эсрэг алхам, шударга ёсны бүдүүлэг доромжлолыг Ардын намынхан үзүүлэв. Олон нийтийн дунд хамгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нэр бол Гомбожавын Занданшатар байлаа.
Ард иргэд түүнийг “хуучин тогтолцооны бэлгэ тэмдэг” гэж харж байна. Ийм нөхцөлд түүнийг дахин төрийн жолоонд зүтгүүлэх нь ард түмний дүгнэлт, сонголтыг үл тоомсорлосон, бүдүүлэг үл үйлдэл боллоо.
МАН өнөөдөр улс орны эрх ашгаас илүүтэй өөрсдийн дотоод бүлэглэлийн хүчний тэнцвэрийг хадгалах тоглолт хийж байна. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох нь намын фракцын нууц тохироо, “сүүлчийн сэнтийн тохиролцоо” байж мэднэ. Энэ бол төрийг хувь хүмүүсийн карьерын шат болгож ашиглаж буй улс төрийн өвчин юм. Ардчилсан улсад байж боломгүй, байх ч боломжгүй алхам руу алхлаа.
Улс төрийн эрүүл тогтолцоогоор Г.Занданшатар улс төрөөс явах ёстой байсан. Гэтэл У.Хүрэлсүх Тамгын газрынхаа даргаар тавьсан. Тиймээс ард түмэн түүнийг “тарж дууссан системийн үлдэгдэл” хэмээн харж байна. Түүнийг Ерөнхий сайд болгосноор иргэдийн төрд итгэх итгэлийг бүрмөсөн үгүй хийж, залуу үе улс төрөөс нүүр буруулах шалтгаан болж, Монгол Улсын ардчиллыг гүн хямралд оруулж, ард түмэн яаж ч жагссан ийм мангас гарч ирнэ гэдэг ойлголтыг өгч байгаа юм. Ардчиллын үнэт зүйл бол ард түмний итгэл. Тэр итгэлийг авч чадаагүй улстөрч хичнээн боловсролтой, туршлагатай, сайхан яриатай байсан ч Ерөнхий сайд болж үл болно. Төр “нууц тохиролцоо”-ноос салах хэрэгтэй. Төр бол ард түмний итгэлийн илэрхийлэл байх ёстой. Хуучин нүүр, хуучин фракцуудын сүүдэрт шийдэгддэг улс төрийн систем амь бөх оршсоор байгааг харж болно. Ард түмэн нь хөөгөөд байхад унасан хүнийг дахин төрд гаргаж ирдэг тогтолцоог халъя.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.