0
Энэ сарын 6, 8-нд гурван аймагт гарсан гал түймрүүдийг унтраахаар мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага зургаадугаар сарын 6-ны 21:30 цагт холбогдох байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь 40 дүгээр анги, Сайхан сум дахь 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ойн гал түймрийг бүрэн унтраах ажлыг зохион байгуулан зургаадугаар сарын 9-ний өдрийн 14:14 цагт цурамд оруулжээ. Одоо цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Мөн Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум Үүр багийн “Хустын давааны-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 8-ны өдрийн 18:19 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч Э.Сайнбаяраар ахлуулсан мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж түймрийн хойд хэсгийн тархалтыг зогсоон, зүүн урд талд ажиллаж байна.
Булган аймаг, Сэлэнгэ сум Сангалтай багийн "Хандгайтын зүүн тарвагатай " гэдэг газар ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 8-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар анги, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж зургаадугаар сарын 9-ний өдрийн 13:40 цагт цурамд оруулж, өнжмөл өвс, унанги ихтэй хэсэгт цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.