dobu.mndobu

“The Times”-ийн нийтлэлийн “Засгийн газрын эх сурвалж” хэн бэ

“The Times”-ийн нийтлэлийн “Засгийн газрын эх сурвалж” хэн бэ

Төрийн эрх барьж буй нам Ерөнхий сайдаа томилж, огцруулдаг байдал Монголын улс төрд бий болсон. Дэлхийн олон орон зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа энэ үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, хүнд сорилттой улсаараа тулгараад байна.

Дэлхийн геополитикийн эгзэгтэй мөчтэй давхцан Монгол Улсын нэр “The Times” хэмээх олон улсын нэр хүндтэй хэвлэлд онцгой анхаарал татав. Энэ удаа бахархах шалтгаантайгаар биш, харин ч сэв суулгасан “дотоод хагарал, гаднын нөлөөлөл, төрийн тогтворгүй байдал”-ын талаар Засгийн газрын эх сурвалжийн хүрээнд мэдээлэл бэлтгэн нийтэлсэн байна.

Уг нийтлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Оросын Ерөнхийлөгч В.Путины дэмжигч, армийн гаралтай удирдагч” хэмээн тодорхойлж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг “АНУ-д боловсорсон, буяны байгууллагад ажиллаж байсан, барууны чиг хандлагатай улс төрч” хэмээн харьцуулан өгүүлсэн нь гадаад ертөнцөд Монгол Улсын төрийн ноён нуруу ганхаж байгаа мэт ойлтголт өгч байна.

Тус нийтлэлд хамгийн ноцтой мэдээллүүдийн эх сурвалжийг тодорхойлолгүйгээр “Засгийн газрын эх сурвалж” гэж тэмдэглэсэн нь анхаарал татаж байна.

Нэгдүгээрт, Ерөнхий сайдыг албан тушаалаас нь түлхэн унагасан нь үндсэндээ төрийн эргэлт байсан.

Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ В.Путины айлчлалыг дэмжээгүй.

Гуравдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг албан шахалтаар тулгасан гэх ноцтой агуулгыг хөндсөн.

Дөрөвдүгээрт, дараагийн Засгийн газарт мөрийн хөтөлбөр ч үгүй гэж мэдэгджээ.

Тавдугаарт, У.Хүрэлсүх Путинтэй энэ тавдугаар сард уулзсаны дараа Засгийн газрыг өөрийн гараар огцруулсан гэх мэдээлэл анхаарал татаж байгаа юм.

Эдгээр агуулга эх сурвалжтай ч юм шиг, эх сурвалжгүй ч юм шиг өгүүлэгдсэн нь “Засгийн газрын эх сурвалж” нэрийг далимдуулан улс төрийн нууц ажиллагаа, санаатай шүгэл үлээлт, эсвэл бүр гадны зориудын зохион байгуулалттай мэдээллийн дайралт уу гэдгийг сөхөх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Дэлхийн улс орнууд харж байна. Украинд дайн үргэлжилж, Израиль-Ираны зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн энэ цаг үед Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд “нөлөөтэй” уулзалтууд хийж, удаа дараа биечлэн уулзаж байгаа нь геополитикийн хувьд дохио өгч байгаа. Түүний дараа Монголын Ерөнхий сайд огцорч, дотоод улс төрийн зөрчил, хардалт ил гарсан нь Монгол Улсын тусгаар бодлого, хараат бус байр суурь гэдэг ойлголтыг эргэлзээнд оруулав.

“Засгийн газрын эх сурвалж” нэрээр мэдээлэл өгч, тусгаар улсын төрийн институцийг улс төрийн “найруулгад” ашигласан байж болзошгүй нь зайлшгүй анхаарах ёстой асуудал болж хувирав. Хэн нэгэн дангаараа “Засгийн газрын эх сурвалж” болж чадахгүй. Үндэсний аюулгүй байдлыг хөндөхүйц ийм хүлээлт үүсгэх мэдээлэл хэнээс, хэзээ, ямар зорилгоор гарав гэдгийг хуулийн байгууллагууд шалгах ёстой.

Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд, гадаад харилцааны бодлого тодорхойлогчид, хууль хяналтын байгууллагаас энэ асуудалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгөх цаг болжээ. Монголын нэр хүндийг дэлхийд шившиг болгож, өөрийн улстөрийн зорилгод “The Times”-ийг ашигласан хэн нэгэн этгээд олон улсын тавцанд Монгол Улсыг санаатайгаар сул дорой, хагаралтай, хараат гэж харагдуулах ашиг сонирхол хэнд байв.

Монгол Улсын төрийн бодлого нэг хүний санаа, нэг талын мэдээлэл дээр тогтож болохгүй. Хэн “Засгийн газрын эх сурвалж” нэрээр эх орноо дэлхийд харлуулсан бэ гэдэгт хууль хяналтын байгууллага хариу өгөх хэрэгтэй. Харин ард түмэн үнэн бодит байдал, эв нэгдлийг хүсэж, шаардсаар байх болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.