dobu.mndobu

Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай томилохгүй бол төрийн ажил гацаанд орлоо

Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай томилохгүй бол төрийн ажил гацаанд орлоо

Ерөнхий сайдын албан тушаалаас Л.Оюун-Эрдэнэ огцорсон Монголын улс төрийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэгдэж байна. Тиймээс Монгол Улс шинэ Засгийн газраа бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Баасан гарагт Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч өнөөдрийг хүртэл уг бүтэц тодорхойгүй хэвээр байна.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өглөө хуралдах товтой байсан ч хойшлогдож, “бялуу”-гаа хэрхэн хуваах вэ гэсэн бүлэглэл хоорондын тохироо тодорхой болоогүй тул ийнхүү гацжээ.

Г.Занданшатар нам доторх бүлэг, фракциудтай тохиролцоонд хүрэхээс гадна, парламентад суудалтай намуудын эрх ашгийг хангах зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Үндэсний эвсэл, ИЗНН, ХҮН намыг Засгийн газарт татан оролцуулснаар “амь бөх” орших сууриа дэвсэнэ гэсэн үг. Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатар, “тэнцвэрийн тулаан”-д татагдан ороод байна. Үйл явдлын өрнөлөөс харахад тэрбээр Засгийн газрын гишүүдийг зарлах бус, фракцын хүсэлд нийцүүлэх нүүдэл хийж байгаа бололтой.

Энэ зуур Төрийн сан гүйлгээгээ бүрэн зогсоосон. Сайд нар хууль ёсоор ажиллах боломжгүй, гүйцэтгэх эрх мэдлийн төвлөрөл “гацсан” нөхцөл байдалд төрийн машин “саажилт”-д ороод байна.

Улс төрийн “дотоод засал” дуусаагүй тул улс орны бүтээн байгуулалт бүрэн зогссон гэж хэлж болохоор байгаа юм. Бүтээн байгуулалт, хуулийн төсөл, төсвийн тодотгол гээд амин чухал асуудлууд Засгийн газрын хаалгаар орж ирж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө огцорсон учир Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн дагуу огцордог. Тиймээс ямар ч “үргэлжлүүлэн ажиллаж байгаа” сайд гэж алга.

Эрх мэдлийн төлөөх МАН-ын дотоодын “фракцын ангуучлал” нь төрийн ажилд саад болж, ард түмэнд хүлээлт үүсгэлээ. Хариуцлага гэдэг албан тушаал авах тухай биш юм. Төрийн ажил тасралтгүй, хуулийн дагуу үргэлжилж байх тухай ойлголт. Үүнийг мартсан намын гишүүд төрийг биш, зөвхөн өөрсдийн фракцын хувь заяаг авч үзэж байгаа нь харамсалтай.

Эцэст нь төр зогсох эрхгүй, төр бол наймааны ширээ биш гэдгийг хаа хаанаа санах хэрэгтэй. Улстөрчид “фракцын зодоон”-оосоо салахгүй бол Монгол Улс гаднын хөрөнгө оруулалтаас эхлээд гадаад харилцаанд хүртэл шигдсэн үл итгэлцлийн хямралд орно гэдгийг тэд мэдэж байх ёстой.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.