2
Шинэ Засгийн газрын бүтцийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Эрчим хүч, Барилга, Зам тээврийн яамдыг нэгтгээд Дэд бүтцийн яам болгоход бүтээн байгуулалтын бодлого уялдаатай болж төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж чадна. 2026 оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын нийт төсвийн 33% зам тээврийн салбар. Эрчим хүч 6%.
Өнөөдөр Улаанбаатар хот хөлдөх эрсдэлтэй нүүр тулчхаад байхад ийм алдаатай хөгжлийн бодлоготой байж болохгүй. Эрчим хүчний компаниудын худалдан авах ажиллагаанд гүйцэтгэлийн аудит оруулж, давхардсан захиргааны ажилчдыг цомхотгох замаар үйл ажиллагааны процессыг дахин зураглаж, үр өгөөжийг яаралтай нэмэгдүүлэх хэрэгтэйг хүн бүр мэднэ бас дэмжинэ.
Гэхдээ энэ бол хаалттай салбар. Миний бодлоор улстөрийн золиос гаргаад энэ салбарыг задлах хүн сайд болох ёстой. Богино хугацаанд салбарын болон иргэдийн эсэргүүцлийг авах ч ирээдүйд чухал шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Дан ганц салбарын сайд биш Ерөнхий сайд өөрөө галаа авч манлайлах болов уу гэж найдаж байна.
Шинэ Засгийн газрын тухайд яамдыг нэгтгэж улсын төсвөө танаж, тэр дотроо асуудлаа зөв эрэмбэлээд Эрчим хүчний төслүүддээ хангалттай хөрөнгө оруулалт тавих ёстой.
Мөн салбарын хууль эрхзүйн нөхцөл байдлыг сайжруулснаар хувийн хөрөнгө оруулагч нарыг татаж чадна. Гишүүдийн Ерөнхий сайдаас асуусан хамгийн их давтагдсан асуулт бол Эрчим хүчний реформ. Иймд шинэ Засгийн газрын ажлын даалгавар тодорхой" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.