0
Засгийн газрын өнөөдрийн (2025.06.18) хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "2025 оны төсвийн жил дундаа орж байна. Төсвийн тодотгол хийх эсэх асуудлыг энэ оны хоёрдугаар улирлаас ярьж эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл удаан байсны хэд хэдэн шалтгаан бий.
Хамгийн чухал нь, Төсвийн хэмнэлтийн тухай хууль байсан юм.
Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1, 13.1.2-д тухайн жилийн төсвийн хүрээн дээр тавигдсан хөрөнгө оруулалтын төслийн худалдан авах ажиллагаа, гэрээ нь хийгдээгүй бол цуцалж, зардлыг хэмнэнэ гэсэн хатуу заалт тусгасан. Энэ заалт энэ жилээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Энэ бол маш чухал, өндөр ач холбогдолтой заалт.
Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд худалдан авах ажиллагаа, гэрээ хийгдээгүй л бол сүүлийн хагас жилд бүтээн байгуулалт хийнэ гэж бараг худлаа байдаг. Тиймээс төсвийн Ерөнхийлөн захирагч нарыг илүү их хариуцлагажуулах, мөн төсөв төлөвлөх явцад бэлтгэл ажлыг бүрэн хангасан төслүүдийг баталж байх зарчмыг хатуу баримтлах үүднээс тусгасан юм.
Энэ заалтын дагуу тавдугаар сарын 31-нд мэдээллийг нэгтгэж үзэхэд нийт 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй байна. Тэгэхээр эдгээрийг хуулийн дагуу цуцалж, хэмнэнэ гэсэн үг.
Төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал маань жилийн эцэс рүү 2.3 их наяд болохоор байна гэж урьдчилсан байдлаар судалгаа гарсан. Үүнээс 535 тэрбум төгрөг хэмнэгдэж байна. Тэгэхээр бид төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн хэмнэх шаардлага үлдэж байна.
Төсвийн тодотгол хийх эсэх талаар Ерөнхий сайд УИХ дээр танилцуулсан. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төр өөрөөсөө эхлээд хэмнэж, урсгал зардал хөрөнгө оруулалтуудаа илүү оновчтой болгох, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, цомхотгох зэрэг арга хэмжээг авах гэж байгаа.
Үндсэндээ, 535 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтаас хасагдана, 1.8 их наяд төгрөг урсгал зардлаас хасагдах нь. Урсгал зардал дотор Үндэсний хороодоос гадна хэд хэдэн яамдын харьяа агентлагуудыг татан буулгаж, заримыг нь нэгтгэнэ.
Эхний ээлжид ийм зүйлийг ярилаа. Шинэ сайд нар төсөвтэйгөө танилцаж амжаагүй учраас хоёр хоног танилцаад, Баасан гарагт Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар боллоо" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.