0
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 21-нд буюу өнгөрсөн Бямба гарагт өндөрлөв. Үүнтэй холбоотойгоор уг шалгалтын математикийн хичээлийн агуулга хүнд, жишиг даалгавар болох 1000 бодлогоос нэг ч бодлого ирээгүй гэх мэт гомдол шалгуулагч нараас их гарчээ. Тэгвэл эдгээр асуудалд Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар өглөө.
Тэрбээр, Элсэлтийн шалгалттай холбоотой нэлээд хэл ам гарлаа. Ялангуяа математикийн шалгалт дээр 1000 бодлогын номоос орж ирсэнгүй, хүндэдлээ гэсэн хэл ам гарлаа. Тиймээс бид Боловсролын үнэлгээний төвийнхнийг дуудаж, өгсөн бодлогуудыг харлаа. Хүүхдүүдэд шалгалтдаа бэлдэх боломж олгож, Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан 1000 бодлогыг гаргасан. Энэ нь математикийн үндсэн зарчим, тавилтыг харах, энэ бодлогууд дотроос сонгогдож ирнэ гэсэн итгэл олгохыг зорьсон. Эндээсээ ирсэн. Гэхдээ 40 бодлого ирсэн. 40 бодлогын хариуг цээжилсэн тохиолдолд тестээр авч буй шалгалт утгагүй болох учир өгөгдлүүдийг өөрчилсөн хэлбэрээр оруулсан. Энэ талаар сургуулиудад урьдчилж мэдэгдсэн.
Шалгалт ямар үр дүнд хүргэснийг тоо баримтаар хэлье. Математикийн шалгалтыг 2023 онд 100 хувийн гүйцэтгэлтэй өгсөн хүүхдийн тоо 26 хувь, 2024 онд 24.3 хувь, 2025 онд 20 хувь болсон. Энэ нь хэмжээст оноо буюу 800 оноонд шилжүүлэхэд дундаж болох 20 хувийн гүйцэтгэлтэй байхад 500 оноо авна. Тэгэхээр 490-ээс дээш оноотой хүүхэд их, дээд сургуульд элсэх эрхээ авна.
Математикийн шалгалт өгсөн нийт хүүхдийн 52 хувь нь 490-ээс дээш оноотой буюу их, дээд сургуульд элсэх эрхээ авсан байна. Энэ нь жил жилийн дундажтай ойролцоо байна. Математикийн хичээлээр 2024 онд 31 хүүхэд 800 оноо авсан бол 2025 онд 38 хүүхэд авсан байна.
Мөн нийгмийн ухааны хичээлтэй холбоотой асуудлууд гарсан байна. Жишээлбэл, хөдөлмөрийн зах зээлийн хувь тэнцүүлсэн асуудлыг оруулж ирлээ гэсэн. Тэгэхээр 12 дугаар ангиас эхлээд сонгоноор хичээллэж байгаа хүүхдүүдэд зориулсан сурах бичгийг судалж, мөн нийгмийн ухааныхаа хөтөлбөрийг харж үзлээ. Тэр дээр эдийн засгийн онол, тэр тусмаа хөдөлмөрийн зах зээлийн онол, тэтгэврийн талаар хичээл орж байна. Тэгэхээр эндээс орж ирсэн шалгалт байна. Зарим нэг Солонгос жүжигчдийн нэрийг асуусан асуулт байгаа нь өгсөн эхийн хүрээнд асуусан асуулт байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.