3
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охиныг УИХ-ын гишүүний хүүхэд гэх үндэслэлээр Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасжээ.
Энэ талаар С.Ганбаатар гишүүн өөрийн цахим хуудсандаа "Хүүхэд ямар буруутай вэ, Ерөнхийлөгч өө?
Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж, МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан. Үеийн олон найзтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж, IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуульд хүсэлт явуулсны дотроос Дэлхийн шилдэг 100 сургуулийн 33-т жагсаж байгаа Нью-Йоркийн их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.
Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав, ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан. Маш их уучлалт гуйж, охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байх вэ дээ. Харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.
Охин минь хэдий “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар Нью-Йоркийн их сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм.
Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.
Жич: Хасах болсон шалтгаан нь “Аав нь УИХ-ын гишүүн учраас” гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор “Ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа” гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй, бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ? Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ? Хүүхэд ямар буруутай вэ?" гэжээ.
Тэгвэл энэ талаар Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа тайлбар өгчээ.
Тэрбээр, миний бие УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан гэх асуудалд тайлбар өгье.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 201.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гэж заасны дагуу УИХ-ын гишүүний хүүхэд төрөөс санхүүжүүлэх тэтгэлэгт хамрагдах боломжгүй юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охин тэтгэлэгт шалгарсны дараа хууль зөрчих асуудал үүссэнийг намрын улирлын гэрээ дүгнэх ажлаар мэдэгдсэн тул энэ талаар өөрт нь болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан. Мөн яг үүнтэй адил тохиолдол өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхдэд тохиолдож гишүүн өөрийн хүсэлтээр татгалзаж байсан удаатай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.