dobu.mndobu

Түүх бүтээж, түмнээ нэгтгэсэн ОХИД

Түүх бүтээж, түмнээ нэгтгэсэн ОХИД

Жагсаал цуглаан болж, улс төр бужигнасан, нийгмийн уур амьсгал бухимдалтай өдрүүд өнгөрсний эцэст монголчуудыг нэгтгэж, цөсийг нь хөөргөсөн баярт үйл явдлууд ар араасаа тохиож байна. 

Долоохон хоногийн өмнө The Mongolz багийн залуучууд CS2 тоглоомын дэлхийн хамгийн том тэмцээн болох major-т хоёрдугаар байранд орж, тус тэмцээнд финалдсан Азийн болон Монголын хамгийн анхны, мөн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг болсон. Эл үйл явдал монголчуудыг шөнийн цагаар цэнхэр дэлгэцийн өмнө уяж, суудлаас нь өндөлзүүлсэн. 

Харин үүний дараа 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охид монгол хүн бүрийн омогшил бахархлыг төрүүлэв.

3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа боллоо. Энэ сарын 18-29-ны өдрүүдэд төв талбайд болсон тус тэмцээнээр дөрвөн жаахан охин монголчуудыг уухайн түрлэг дор нэгтгэлээ. 

Монгол Улсын шигшээ багийн охид мөнхийн хөрш Хятад улсын тамирчдаас эхлээд сагсчдын эх орон гэгддэг АНУ-ын шигшээ багийг өмнөө сөхрүүлэв.

Бразил, Герман, Украйн, Хятад, АНУ, Польш гээд учраа таарсан багуудаа манай охид эх орныхоо хөрсөн дээр, олон түмнийхээ уухайн дор буулган авлаа. Ингэснээр түүхэндээ анх удаа монголчууд сагсан бөмбөгийн дэлхийн аваргын төлөө тоглов. Аваргын төлөө Нидерландын багт хожигдсоноор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. 

Түүхэнд байгаагүй эл бахархам үйл явдал монголчуудыг уур бухимдал, стрессийг түр ч болов мартуулж, долоо хоногийн турш баяр хөөрөөр дүүрэн байлгалаа. 

Түүх бүтээж, түмнээ нэгтгэж, нийгэмд аз жаргал, инээд хөөр бэлэглэсэн хүмүүс яах аргагүй шигшээ багийн охид байлаа. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.