dobu.mndobu

Хоньчин Лхагва: Таван сарын өмнө нээсэн youtube суваг маань 100,000 subscribe хүрч, Silver Button захиалах гэж байна

Хоньчин Лхагва: Таван сарын өмнө нээсэн youtube суваг маань 100,000 subscribe хүрч, Silver Button захиалах гэж байна

Цахим орчинд “Хоньчин Лхагва” дуугаараа олонд танигдсан контент бүтээгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Хэзээнээс youtube-д бичлэг хийж эхэлсэн бэ? Яагаад?

-Youtube-д 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс хийж эхлээд таван сар болж байна. Саяхан 100,000 subscribe хүрч, их цочирдож, гайхсан. Youtube бичлэг хийж эхлээд нэг жил ч болоогүй шүү дээ. Анх youtube нээгээд эхний сарынхаа 27 дахь өдрөө 1000 subscribe болоод больдог юм бил үү гэж бодсон. Гэхдээ шалтгаан байсан болохоор youtube бичлэгээ үргэлжлүүлж хийсэн. Үүнээс хойш 2025 оны дөрөвдүгээр сарын 19-нд 10,000 subscribe-тай болсон. Тэгээд улам урамшаад бичлэгүүдээ хийгээд л байсан. Нэг мэдэхэд л дагагчид их өссөн.

-Цаашдын зорилго нь юу вэ?  

-Миний энэ жилийн зорилго, төлөвлөгөө 100,000 subscribe хүрэх байсан. Гэхдээ бусад youtube бичлэг хийдэг хүмүүсээс онцлог нь би өдөр болгон бичлэгээ хийж youtube-д тавьдаг байсан. Тогтмол бичлэг хийж өдөрт нэгээс хоёр бичлэг оруулдаг. Бичлэгүүдээ хийж, засварлаж оруулдаг болсноос хойш таван сарыг ардаа үлдээж, 100,000 subscribe-тай болсон  байна. Анх итгэж өгөхгүй өөрөө их гайхсан. 

-Анх яагаад хөдөөгийн амьдрал ахуйг бичлэгээр харуулъя гэж бодсон бэ?

-Сул талаа давуу тал болгоё гэж бодсон. Учир нь би хөдөө байдаг сүлжээ муухан ордог. Тэгэхээр сүлжээ муу барьдаг хөдөөгийн хүүхдүүд сошиалд бичлэг оруулах, контент бүтээгч болох сонирхолтой хүмүүс олон бий. Одоогийн хүүхдүүд хотод очиж гоё газраар явж, сонирхолтой зүйлс хийж, бичлэг оруулах боломжтой гэж боддог. Гэхдээ хөдөө гэрээсээ олон зүйл хийх боломжтой гэдгийг харуулахын зорьсон. Хөдөө нутгийн амьдрал ахуй, ёс заншилаа мэддэг хэмжээндээ үеийнхээ хүүхдүүдэд болон дүү нартаа өөрсдийнх нь хэлээр буюу ойлгомжтойгоор богино бичлэгээр хүргэж таван сарыг ардаа үджээ.  100,000 subscribe болж хүсэн хүлээж буй silver button захиалах гээд байж байна.

- Үргэлж монгол цамцтай бичлэгээ хийдэг шүү дээ. Монгол ёс соёлоо сурталчлахыг боддог уу, өөр шалтгаан бий юу?

-Анх youtube хаягаа нээхдээ “Хоньчин Лхагва” гэж нээсэн. Хөдөөгөөс бичлэгээ хүргэж байгаа болохоор бие тамирын хослол өмсөөд бичлэг хийгээд байвал хүнд хүрэхгүй байх гэж бодсон. Бичлэгээ хийж эхлээд нэг сар гаран болж байх хугацаандаа ээжээр материал худалдааны захаас авхуулж монгол цамц оёулж авсан. Яг бичлэг хийх үедээ цамцаа өмсдөг.

 Миний хувьд одоогийн залуус монгол дээл, хувцсаа өмсөх нь багассан. Баярын өдрүүдийг эс тооцвол өдөр тутамдаа бараг л өмсдөггүй. Тэгээд л миний бичлэгийн үздэг хүүхдүүдээ дээл, цамц ямар гоё болохыг харуулж, үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсдэг. Энэ нь монгол өв соёлоо харуулж байгаа нэг хэлбэр юм.

-Хотын мөнгөтэй хүмүүс youtube-д бичлэг хийж, сошиалд хандалт өндөр,од гэж хардаг. Нөгөө талаасаа хөдөөгийнх гэхээрээ л сошиал мэдэхгүй, харанхуй бүрэнхий хүмүүс гэж боддог. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Хотод мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс л гоё мэргэжлийн камераар youtube-д бичлэг хийж, 100,000 subscribe-тай од болдог гэж хүмүүс хардаг. Харин өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд 100,000 subscribe болж, хөдөө сүлжээгүй байсан ч амжилтад хүрч болдог шүү. Хүсэл мөрөөдлийнхөө араас тууштай явсны үр дүнд амжилт гаргана. Өөрийгөө битгий гол байгаарай.

-Хотод амьдрахыг хүсдэг үү, эсвэл хөдөө амьдрах нь илүү дээр санагддаг уу?

-Би хотод төрж, найман нас хүртлээ хотод амьдарсан. Гэхдээ дөрөвдүгээр ангид байхад аав, ээж “Хотод амьдрахад хэцүү, бүтэхгүй юм байна” гэсэн. Тэгээд л мал аваад Төв аймгийн Жаргалант сумандаа нүүж ирсэн дээ. Анх 10 жилээ төгсөөд хотод амьдарна гэж боддог байсан. Хотод очоод бусад youtube бичлэг хийдэг хүмүүс шиг гоё камер, микрофон  аваад бичлэг хийнэ дээ гэж боддог байлаа. 18 нас хүрч цэрэгт явж ирээд хотод гурван сар амьдрах гэж үзсэн. Гурван сарын хугацаа бол хүндхэн байсан. Ажил хийгээд цалин авлаа нэг мэдэхэд байхгүй болчихно. Автобус, хоолны зардлаас эхлээд ямар ч мөнгө хуримтлуулах боломжгүй. Сүүлдээ нутаг буцах шийдвэр гаргасан даа. Хөдөө сайхан гэртээ малаа маллаад байя гэх бодол толгойд орж ирсэн дээ. Сургууль соёл аваагүй болохоор хотод удалгүй буцаж ирээд youtube эхлүүлэх санаагаа олсон. Хотод хэцүү дээ зун нь үерт автах, өвөл нь утаанд хордохын оронд нутагтаа тайван сайхан байсан нь дээр санагдсан. 

-Хүмүүс хөдөө гэхээсээ илүү хотод суурьшин амьдрахыг илүүд үздэг болсон. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Заавал хотод суурьшиж, бөөгнөрөөд байх албагүй шүү дээ. Хөдөө мал авч эсвэл мод тарихаас эхлээд өөрт амар бизнес эрхэлж болно. Жишээлбэл тог цахилгааны мөнгө төлөхгүй, нарны гэрлээр тогоо авч болно. Тог цахилгааны мөнгө их гарлаа, тог тасарчихлаа гэх мэт асуудлууд гарахгүй. 

-Цаашдаа хөдөө амьдрах уу?

-Одоо хөдөө л байна даа. Хот уу орж амьдрах гээд бүтэлгүйтсэн. Ажил хийх гэж үзээд эрүүл мэндийн үзлэгт орсон бас л бүтэлгүйтсэн. Хөдөө цаашдаа амьдрах юм чинь мал маллах ухаанаас аав ээжээсээ илүү их суралцана.

-Хөдөө амьдрахын хамгийн гоё нь юу вэ?

-Хотод бол мөнгөний асуудал их бий. Хөдлөөд л мөнгө хэрэг болно. Сарын цахилгааны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр, такси автобусны мөнгө, лизинг зээлээс эхлээд хөдлөх тоолонд мөнгө гардаг. Харин хөдөө бол хэдэн малынхаа буянд сардаа гурил, будаа, хүнсээ авчихна. Иймд юунд ч санаа зовох зүйлгүй хөдөө амар амгалан байдаг.

 Ярилцсанд баярлалаа 

А.НОМИН

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.