dobu.mndobu

Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохоор болов

Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохоор болов

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долоодугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийг 2025 оны гуравдугаар сарын 7-ны болон зургаадугаар сарын 13-нд  тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг 50:50 хувь болгон шинэчилсэн. Тэгвэл энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдэхээр болжээ. Ингэснээр ахмад настнууд тэтгэврийнхээ 100 хувийг барьцаалан зээл авах боломж дахин бүрдэж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зүгээс өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзжээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж Монголбанкны зүгээс үзэв.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.