0
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө орлогын эх үүсвэрийг АТГ-аас шалгасан. Улмаар түүнийг хөрөнгө орлого бүрдүүлэхдээ хууль зөрчөөгүй байна гэж дүгнэлт гаргаад байна.
Тодруулбал, "Херо энтертайнмент группийн захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд,
2025 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг,
2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг,
2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон. Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Мөн О.Тэмүүлэнгийн хэрэгтэй холбоотойгоор “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатар, иргэн А.Амундра нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагаа мэдэгдсэн байна.
Тодруулбал, О.Тэмүүлэн нь “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарын компанийн орлогоос мөнгө авсан нь үнэн. Энэ нь хууль ёсных гэдгийг тогтоосон бол “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн орлого, зарлага, гүйлгээ нь хууль ёсных эсэх шалгалтын мөрдөн байцаалтын ажиллагаа одоо үргэлжилж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.