dobu.mndobu

Допингоос болж Ерөнхийлөгчийн зарлиг ч үнэгүйдэх боллоо

Допингоос болж Ерөнхийлөгчийн зарлиг ч үнэгүйдэх боллоо

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан жил бүр Монгол түмний сэтгэлийг хөдөлгөж, үндэсний бахархлын өнгө төрхийг тодруулдаг уламжлалтай. Гэвч сүүлийн жилүүдэд энэ баярын өнгө илүүтэй хэл ам дагуулах болсон нь хэний ч нүднээс нуухын аргагүй үнэн.

Харин энэ жилийн хувьд бол хардлага биш, харуусал дагуулсан хатуу бодит үнэнтэй нүүр тулж байна.

Допингийн эсрэг үндэсний байгууллагын шинжилгээний хариугаар Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргал допинг хэрэглэсэн нь албан ёсоор тогтоогдсон. Түүнчлэн нэг бөхийн шинжилгээний хариуг өөрт нь танилцуулаагүй тул албан ёсоор зарлах боломжгүй гэв. Гэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, улсын шинэ гарди Н.Өсөхбаяр допинг хэрэглэсэн талаар маргаан дэгдэж, допингийн “хар жагсаалт”-д түүнийг орууллаа.

Албан ёсны мэдээлэл хараахан гаргаагүй ч, “өмөөрөгчид vs үл итгэгчид” гэсэн хоёр талын сөргөлдөөн эхэлчихлээ. Допингийн “дарамт” энэ жил Н.Баяржаргал, Н.Өсөхбаяр нарыг тойрсонгүй.

Хэдхэн хоногийн өмнө улсын гарди цол хүртэж олон хүний сайшаал магтаалыг хүртэж байсан Н.Өсөхбаярын допингийн дуулиан иргэдийн итгэлийг үнсэн товрого болгов.

Хүнд бэртлээс эргэн ирж дахин зодоглосон, олон жилийн турш сайн барилдаж ирсэн хэмээн түүнийг өмөөрч болох ч, допинг хэрэглэсэн нь нотлогдвол хэдэн жил сайн барилдсан нь хэнд ч хамаагүй. Энэ бол шударга ёсны тогтолцоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, улсын цол олгодог уламжлал бол төрийн хүндэтгэл, ард түмний итгэлийн баталгаа. Харин допинг илэрсэн нэр бүхий бөхөд цол олгосон Ерөнхийлөгчийн зарлиг жилийн дараа буцаагдаж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Товчхондоо, Ерөнхийлөгчийн зарлиг гэдэг нэг хүний хүндлэл биш, төрийн үг.

Гэтэл энэ үг жил бүр “допинг” нэрийн шалтгаанаар хүчингүйд тооцогдож, ард түмэн “энэ удаад хэн буцаж хураалгахаар вэ?” гэх горьдлого, эсвэл шоглоомтой хүлээлтэд орсон нь үндэсний баяр наадмын хар толбо боллоо.

Шинээр гарди цол хүртсэн хэмээн нутгийн зөвлөл нь Н.Өсөхбаярт баяр хүргэж, Y63 автомашин, 3 өрөө байраар мялаасан. Өгсөн бэлгээ авах хэцүү, тэр чигт нь өгөөд явуулах гацуу ийм л ацан шалаанд Сүхбаатарчууд орчихлоо. Үнэн гарч ирэх бүрд ганц хүн биш, нутаг ус, нутгийн иргэдийн итгэл ийнхүү алсрах болчихлоо.

Допинг илэрсэн л бол “үр дүн нь хүчингүй, цол нь буцаагдана” гэдэг нь цорын ганц зөв шийдвэр. Нэг хүнийг өрөвдөхдөө нийт үндэсний баярын үнэ цэнийг үгүй хийж болохгүй. Үнэнтэй эвлэрч чадахгүй байж, шударга ёс шаардах эрх хэнд ч байхгүй. Хэн нэгэн гарди болж чадахгүй байж болно. Харин хүн чанартай, шударга бөх болж бүх ард түмний зүрхэнд цолтой үлдэх боломж үргэлж нээлттэй байдаг. Үүнийг Н.Өсөхбаяр ч, бусад бөхчүүд ч ойлгох ёстой. Допингоос болж төрийн зарлиг ч үнэгүйдэх цаг ирснийг бид хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

Э.ХАРЦАГА

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.