dobu.mndobu

Хууль “ялзарсан” улсад хар тамхи “ургадаг”

Хууль “ялзарсан” улсад хар тамхи “ургадаг”

Хар тамхи хэмээх чимээгүй тахал Монголыг бүхэлд нь нөмөрчээ. Товчхондоо, Монголын ирээдүйг бүхэлд нь залгиж, үндэсний аюулгүй байдалд эрчимтэй хор нөлөө үзүүлж буй хамгийн том аюул хар тамхи болоод байна. Гэтэл энэ аюул нийгмийн нүдэн дээр илт цэцэглэж, төрийн хяналт хөсөр унаж, хууль хяналтын байгууллагыханд итгэх иргэдийн итгэл алга боллоо.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан П.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Таван богд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү “Говь” компанийн захирал Б.Амарсайхан нарын хүүхдүүд хурандаа С.Дашзэвэгийн хүү Саяннямбууг “нэвширтэл” зодож, эмнэлгийн оронд хэвтүүлэв. Тэднийг хар тамхи хэрэглэсэн үедээ баарны гадна зодоон хийсэн талаар нийгэм бүхэлдээ шуугиж байна.

Хар тамхи хэрэглэсэн үедээ нударга зөрүүлсэн гэх хэрэг, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Гэхдээ “шалгагдаж байгаа” гэх хэллэг нь Монголын хууль, шүүхийн практикт ямар утгатай болсныг ард түмэн мэддэг болсон. Шинжээчийн дүгнэлт хүлээж, хавтаст хэрэг замхаруулж, улмаар нэр бүхий хүмүүс “өршөөгдөх” процесс нь хэт танил болсон.

Үнэндээ хар тамхины хэрэг хэнд ч өршөөл үзүүлж болохгүй, улс төр, мөнгө хоёрын нөлөөнд оруулж болохгүй хуулийн онцгой хариуцлага байх ёстой. Гэтэл өнөөдөр хар тамхи бол халаасанд багтдаг атлаа хуулийн гадна орших хүчтэй “зэвсэг” болон хувирчээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар хар тамхины асуудлыг онцгой анхаарахаар болж, Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. Залуусын ирээдүйг сүйтгэж, гүн сүлжээнд орсон, мөнгө угаалтын эх үүсвэр болсон энэ аюулд хэдийн төр хяналт тогтоох боломжоо алдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Хуулийг чангаруулна гэдэг сайхан сонсогддог. Гэхдээ хуулийг хэрэгжүүлдэг байгууллага нь хүчтэй, хараат бус, нэр цэвэр байж сая үр дүнтэй хэрэгжүүлнэ. Харин өнөөдөр бодит байдал дээр хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нөлөө, эцэг, эхийн нэр хүнд, хөрөнгө чинээ нь хуульд цоорхой гаргаж, хуулийг гууль болгодог болсон.

Монголд хар тамхи хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гэвч энэ үзэгдэл статистик, шоронгийн хаалганаас бус, шөнийн клубууд, элит баарнаас мэдрэгдэж буй нь аймшигтай. Боловсролтой, гадаадад сурсан гэх нэртэй, баян айлын хүүхдүүдийн дунд хар тамхи хэрэглэх нь бараг нэр төрийн хэрэг мэт үзэгдэж буй нь нийгмийн доройтлын шууд илрэл. Харин дундаж болон ядуу өрхөөс гаралтай залуус энэ тахлын золиос болж, яллагдаж, ял эдэлж байна.

ЦЕГ, Тагнуул, Хил гааль гэх мэргэжлийн байгууллагуудын оролцоо, хяналтын механизм онолын хувьд бүрэн харагддаг. Гэтэл бодит байдал дээр тэр бүтэц, хяналт нь нэр хүндтэй хүмүүсийн хүүхдүүдийн гарт “гөлгөр” үлддэг болсон нь төрийн институцийн уналт, хуулийн нэр хүндийн доройтлыг харуулах болов.

Монгол Улсад хар тамхины асуудал бол ганцхан эрүүл мэндийн хямрал биш. Энэ бол:

-Үндэсний аюулгүй байдлын заналхийлэл,

-Шүүх, хуулийн тогтолцооны итгэлцлийн мөхөл,

-Залуусын оюун санааны ялзрал болж байгаа юм.

Б.Эрдэнэбат, П.Цэрэнпунцаг, Ц.Баатарсайхан нарын хүүхдүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэхийг Монголын ард түмэн ажиглаж байна. Хэрвээ урьдын адил “түр мартагдаж”, “шалгагдаж дууссангүй” гэх үл мэдэгдэх тайлбаруудын цаана замхарвал Монгол Улс хар тамхинд бүрэн бууж өгч буй хэрэг. Төр хууль хэрэгжүүлж чаддаг, шударга ёс амьтай байгааг харуулах ганц боломж нь энэ кейс болж байна.

Хар тамхи бол үндэстний ирээдүйг устгах зэвсэг. Үүний эсрэг төр ганц мэдэгдэл гаргах биш, тэмцэл хийх ёстой. Хууль нь биш, хууль хэрэгжүүлэгч нь хүчтэй байх цаг нэгэнт болсон. Хууль “ялзарсан” улсад хар тамхи “ургадаг” гэдгийг мартаж болохгүй.

Э.БОЛД

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.