0
Засгийн газрын өнөөдрийн (2025.07.30) ээлжит хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх оны Төсвийн төслийн талаар хэлэлцлээ. Засгийн газраас Төсвийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Иймээс процесс ид явагдаж байгаа энэ үед тухайн жилийн төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлагдмагц хэрэгжүүлэх үе шат хэрэгжээд явдаг. Төсвийн төслийг боловсруулахдаа иргэдээс болон Төсвийн ерөнхийлөн захирагч нараас саналуудыг авдаг. Одоогийн байдлаар 29 төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төслийн саналаа ирүүлээд байна. Эдгээрийг Сангийн яам дээр боловсруулж байна.
Ерөнхий сайдын хэлснээр төсөв боловсруулах шатанд иргэдийн саналыг гүнзгий тусгах ажил руу Сангийн яам даруй орсон. Наймдугаар сарын турш олон нийтээс санал авч хэлэлцүүлэг хийнэ. Олон нийтийн саналыг Emongolia системээр дамжуулан наймдугаар сарын 01-ээс эхлэн авна. Саналын үр дүнд яамд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ. Хүн бүр санал өгөх эрхтэй. 2026 оны төсвийн бодлого, урсгал зардал болон хөрөнгө оруулалт бүр дээр иргэдийн саналыг авна. Иймд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Засгийн газар анх удаа төсвийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авахаар боллоо. Иргэд ямар ч санал ирүүлж болно. Энэ нь Засгийн газрын бодлого, хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн байх учиртай.
Ирэх онд дэлхийн эдийн засаг саарах шинжтэй байгаа учраас төсвийн суурь тоонуудыг ЭЗХЯ-аас наймдугаар сарын 10-ныг гэхэд ирүүлэх ёстой. Ингээд төсвийн хүрээний тоонуудад багтааж төсвийн төслөө хэлэлцэнэ. Есдүгээр сарын 1 гэхэд төсвөө өргөн барина" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.