dobu.mndobu

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 2,5 дахин нэмэгдүүлнэ

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 2,5 дахин нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулж өнөөдөр /2025.09.02/ мэдээлэл өглөө. Монгол Улсын 2026 оны төсөв нь хүний хөгжлийг дэмжсэн, татварын ачааллыг буруулсан, төрийн оролцоог хумьсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн төсөл болсон гэдгийг тодотголоо. Мөн иргэдийн оролцоонд тулгуурлаж төсвийн хуулийг боловсруулснаараа онцлог аж.

Ерөнхий сайд Г.Занданшатар:


-Төсвийн тухай хуультай хамт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг өргөн мэдүүлж байгаа. Өнөө цаг үе бол эдийн засгийн мөчлөг уналтын үе. Дэлхийн эдийн засаг даяар тарифын дайн эгзэгтэй хэцүү үе ч гэсэн бид НӨАТ-ын буцаан олголтыг 2,5 дахин нэмэгдүүлж, 1 сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад 5 хувийн НӨАТ-ыг буцааж олгоно. 2027 оноос 100 хувь буюу 10 хувийг нь буцааж олгоно. Ингэж үе шаттайгаар татварын ачааллаа багасгаж дундаж давхаргаа дэмжсэн татварын шинэчлэлийг төсвийн хамт өргөн барьж байна. 

Сарын 800 мянган төгрөгийн худалдан авалт хийдэг хүн 80 мянган төгрөгийн НӨАТ төлнө. Үүний 2 хувьд нь 16 мянган төгрөг буцааж авдаг байсан бол 40 мянган төгрөг буцааж авна. 2027 оноос 100 хувь буюу 80 мянган төгрөгөө буцааж авдаг болно. 

 

500 мянган төрөг хүртэлх худалдан авалтад 100 буюу 10 хувийг буцаж олгоно. 500 мянгаас нэг сая төгрөгийн худалдан авалтад 5 хувийг буцааж олгоно. 1 саяас дээш бол 2 хувиа хэвээрээ төлөх аж. 


Нийт иргэдийн 75 хувь нь 1 сая төгрөгийн худалдан авалт хийж байгаа. Эдгээр иргэддээ ээлтэй НӨАТ-ын буцаан олголтыг хэрэгжүүлж байна. 

 

Сарын 800 мянган төгрөг хүртэлх орлоготой хүнийг татвараас 100 хувь чөлөөлнө. Жишээлбэл, 1.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд 800 мянгад 0, үлдэж байгаа 700 мянгад 10 хувь төлөхөөр 70 мянгыг төлнө.

Жижиг дунд үйлдвэрийн татварын ачааллыг багасгана. Нийт  2.5 тэрбум төгрөгийн орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлт эдэлнэ. Хялбаршуулсан горимын босго 50 сая байсныг 400 сая болгоно.

Банкин дахь дансыг хааж татвар төлүүлдэг байсан бүдүүлэг зохицуулалтыг хална. Дансыг нь хаах бус татварт суутгадаг шинэ зохицуулалт үйлчилнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болно. Татварын бааз суурыг өргөжүүлж, татварын ачааллыг жигд болгоно гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.