0
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидыг цагдан хорьж, Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл энэ талаар тэрбээр өнөөдөр /2025.09.15/ цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид:
-Сүүлийн үед миний биеийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн агуулга бүхий нэр хүндэд халдсан худал мэдээлэл сошиал орчинд багагүй түгсэн. Даамжраад “цагдан хорилоо” гэх худал мэдээлэл гарчээ. Эдгээр мэдээлэл огт үндэслэлгүй бөгөөд миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байгааг мэдэгдье.
Миний бие худал, ташаа мэдээлэл бүрийн араас тайлбар хийгээд явах нь илүүц гэж боддог бөгөөд урдах ажилдаа бүх анхаарал, цаг заваа төвлөрүүлж ирсэн. Гэвч сүүлдээ намайг цагдан хоригдсон мэт агуулга бүхий худал мэдээлэл цацаж, олон түмнийг төөрөгдүүлж, нэр хүндэд халдаж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл. Энэ мэт худал мэдээлэл захиалж, хэвлэл мэдээллийн зарим байгууллага болон хуурамч хаягаар түгээж, гутаан доромжлох гэсэн явуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Миний бие төрийн ажлыг явуулахдаа төрийн хууль цаазыг эрхэмлэн сахидаг бөгөөд хууль бус үйлдэл хийж байгаагүй, цаашид ч хийхгүй гэдгээ илэрхийлж байна.
Цаашид энэ мэт худал мэдээлэл цацаж, ажил хэргийн болон хувийн нэр хүндэд удаа дараа халдаж, гутааж байгаа үйлдлийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.