0
МАН-ын даргын марафон ширүүхэн байна. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж байхгүй хэмээн хэлсэн үгэндээ хүрч МАН-ын тамгыг Д.Амарбаясгаланд өгөх марафоны тэргүүн эгнээний зул задарлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ зарласан хамгийн эхний хүн болов.
Удаах нь нэр зарлаагүй ч Ерөнхий сайд Г.Занданшатар марафонд орно гэдэг нь маш тодорхой. 1990 оноос хойших Монголын улс төрд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнийн хувьд албан тушаалаасаа холдоно гэдэг маш том айдас байдаг бололтой. Тиймээс өөрийн гарын хүн гэгдэх галзуу найз Д.Амарбаясгалангаа нэр дэвшүүлэхээр шахаж, намынхаа дотоод асуудлыг Монгол Улсын зовлон болгож нийгэмд цацав.
Цагтаа Ерөнхий сайдын сэнтийд заларч, Д.Амарбаясгалангаа нүүрсний хэрэгт хутгасан гэгдэх Л.Оюун-Эрдэнэ хоёр нэг талдаа хүч хавсрав. Гэвч тэднийг өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүч, Г.Занданшатарын амбиц зогсож байна. Намын даргын марафон эхэлмэгц намын доторх хамгийн том задрал ил болж, хоёр фронт нүүр туллаа.
Товчхондоо Д.Амарбаясгалангаар дамжуулан улс төр дэх нөлөөллөө авч үлдэх гэсэн Л.Оюун-Эрдэнэ нуугдаж байна. Товчхондоо Д.Амарбаясгалангийн гараар могой бариулах тактик хэрэгжиж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ түлхэж гаргах замаар эрх мэдлээ хадгалж, тоглоомын ширээн дээр үлдэх нь түүний ганц хүсэл болоод байна.
Ялбал Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга. Ингэж тэд хоёр суудлыг нэг дайралтаар авах гэсэн тооцоотой байгаа гэх яриа намын хүрээнд хүчтэй тархаж байна. Тэдний хувьд тамганы төлөөх дайн бол зөвхөн намын даргын сэнтий биш, төрийн бүх эрх мэдлийг дахин гартаа төвлөрүүлэх эхлэл. Өрсөлдөөн биш, өс хонзонгийн тэмцэл МАН доторх энэ тэмцлийн ард улс орны эрх ашиг үл харагдана. Ялсан тал сэнтийд сууж, ялагдсан тал нь Засгийн газрыг унагаж, парламентын ажлыг гацаана гэж ил цагаан сүрдүүлж буй тухай яриа тарж байна. Улс төрийн ийм хорлонтой тоглоом эцэстээ ард түмний нуруун дээр бууна.
Ирэх оны төсөв, эдийн засгийн бодлого, ард түмний амьдрал бүгд намын дотоодын хэрүүлд хойш шидэгдэв. Уг нь МАН олонхоороо төрийг тогтвортой авч явах ёстой атал өнөөдөр тамганы төлөөх дайндаа бүх хүчээ шавхаж байна. Ямар ч тохиолдолд энэ тулаанд ард түмэн хожихгүй. Тамганы дайн дуусахад хэн нэгэн ялна. Харин Монгол улс бүхэлдээ ялагдана.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.