0
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.09.18) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "2016 оноос хойших Улсын төсвийн орлого, зарлагыг хараад байхад бид мөнгөгүйн зовлонг биш мөнгөтэйн зовлонг эдэлсэн байна. Гол нь бид мөнгө зөв зарцуулж чадахгүй байна. Амсуулж тавьсаар байгаад аль ч үгүй болжээ. Асуудал нь шийдэгдсэн салбар Монгол Улсад нэг ч байхгүй байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд улсын төсөв 44 дахин ихэссэн ч нэг ч салбарын асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
"Иргэн баян бол Улс баян" гэж Ерөнхийлөгч илтгэл дээрээ дурдаж байсан. Өнөөдөр эсрэгээрээ иргэн нь ядуу улс нь баян болчихсон.
Б.Жавхлан Сангийн сайд болсноос хойш 130 их наяд төгрөг зарцуулагдлаа. ДНБ-ий 74 хувийг төр үйлдвэрлэж байна гээд өөрсдөө биччихсэн хэр нь 2026 оны Улсын төсөв дээр хувьчлалын орлого гэж нэг ч төгрөг байхгүй буюу эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хүсэлгүй байна гэсэн үг.
2026 оныг Боловсролын жил гэж зарласан бол 1 их наяд төгрөг гаргаад энэ салбарынхаа асуудлыг шийд. Бүр болохгүй бол асуудлаа нэг нэгээр шийдээд явъя. Алтан гахай жилдээ төрсөн хүүхдүүдээ 6 жилийн дараа сургуульд орно гэдгээ Засгийн газар нь мартчихсан сургууль, цэцэрлэгийг нь бариагүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд 1062 ширхэг сургууль, цэцэрлэг, дотуур байр баригдсан юм билээ. Анхны төсөвт өртөг нь 2,8 их наяд байсан баригдахдаа 3.4 их наяд болсон. Өөрөөр хэлбэр 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нэг сургууль дунджаар 3.3 жилийн хугацаанд баригдаж байна. Жил бүр төсвийг нь нэмж хойшлуулдаг энэ бол авлигал. Сургуулийн барилга ганцхан жил барьж чадахгүй бол бид хүүхдүүдийн асуудал яаж шийдэх юм бэ. Хүн төвтэй төсөв ийм байдаг юм уу" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.