0
Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, академич, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн гэр бүлээс Өндөр гэгээн Занабазарын анхны хийцлэлд хамаарахуйц Лхам Норжүнма бурхныг түүний охин, монголч эрдэмтэн, доктор Анна Цендина Дамдинова "Чингис хаан" Үндэсний музейд хандивлав.
Их эрдэмтний хадгалж байсан Монголын түүх, соёлын үнэт өв болсон ховор бүтээлийг ийнхүү "Чингис хаан" Үндэсний музейн үнэт үзмэр болгон хадгалуулж байгаа нь музейн түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал хэмээн тус музейн захирал, академич С.Чулуун хэлж гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авав.
Энэ үеэр Монголч эрдэмтэн, доктор Анна Цендина Дамдинова, отгон шавь ахмад эрдэмтэн Р.Отгонбаатар нар тус бурхныг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн хадгалж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг өрнүүлэв.
Энэхүү арга хэмжээнд академич Д.Төмөртогоо, ШУА-ийн дэд ерөнхийлөгч асан академич Т.Дорж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, ШУА-ийн Түүх, угсаатны зүй хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Л.Эрдэнэболд зэрэг олон хүмүүс оролцжээ.
Уг Лхам Норжүнма бурхан нь эд баялагийг арвижуулах, эдийн хишиг тогтоох, хишиг буян хийморь сэргээх, үгээгүй ядуурлын зовлонг арилгах, гарзын үүд хааж олзын үүд нээх, нас буян заяаг тэтгэх увидастай юм.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.