dobu.mndobu

ТАНИЛЦ: MongolZ-ийн нэрийг барьж, төсвийн мөнгө ЗАВШИГЧИД

ТАНИЛЦ: MongolZ-ийн нэрийг барьж, төсвийн мөнгө ЗАВШИГЧИД

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам "MongolZ багт Ч.Номин сайдын үед Биеийн тамир, спортын хороогоор дамжуулж тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн санхүүжилт олгосон юм билээ. Миний сонссоноор MongolZ багийг үүсгэн байгуулсан холбооных нь Удирдах зөвлөлд төрийн өндөр албан тушаал эрхэлж байгаа хүний гэр бүлийн хүн байдаг. Үүнийг улс төрдөө ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн гэж сонссон" хэмээн хэлсэн. 

Харин үүнд MongolZ багийн зүгээс цахим хуудсаараа дамжуулан "Бид татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, авахгүй. Манай арын албанд улс төртэй холбоотой хүн ажилладаггүй, ажиллахгүй. Бид ямар нэг холбоонд харьяалагддаггүй, үйл ажиллагаагаа бие даан явуулдаг, харьяалагдахгүй" хэмээн тайлбар өгсөн юм. 

Энэ талаар судалж үзэхэд, нэр бүхий хүмүүс MongolZ багийн нэрийг барьж, татвар төлөгчдийн мөнгөнөөс "хумсалжээ".

Тодруулбал, "Монголын электрон спортын холбоо" гэх төрийн бус байгууллага бий. Тус байгууллага 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Биеийн тамир, спортын улсын хороотой "Үндэсний шигшээ багийг олимпын электрон спортын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ" байгуулжээ. 

Гэрээнд, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт аравдугаар сарын 1-14-ний хооронд болох ба үүнд 40 сая төгрөг, Дэлхийн электрон спортын наадмын цугларалт арванхоёрдугаар сарын 3-13-ны хооронд болох ба үүнд 20 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна.

Үндсэндээ, нийт 60 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулах гэрээ байгуулсан байгаа юм. 

Мөн нэг дасгалжуулагч, зургаан тамирчинтай ажиллана. Тиймээс дасгалжуулагчид 1 сая 500 мянган төгрөг, тамирчин тус бүрт 1 сая 200 мянган төгрөгийн цалин олгохоор заасан байна. 

МОНГОЛЫН ЭЛЕКТРОН СПОРТЫН ХОЛБОО"-НД "ТОМЧУУД" БИЙ 

“Монголын электрон спортын хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг харвал тун сонирхолтой хүмүүс байгаа юм. Тус холбооны Ерөнхийлөгчөөр дуучин Укагийн нөхөр Г.Эрдэнэчулуун ажилладаг.

Удирдах зөвлөлд нь, 

-Соёлын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ,

-УИХ-ын гишүүн асан, "Эрчист Монгол" компанийн захирал Г.Амартүвшин, 

-НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан болон Б.Батбаяр, Б.Гантулга, М.Майсайхан нар ажиллаж байна.

Үндсэндээ, Ч.Ундрам ч, MongolZ багийнхан ч худал хэлээгүй. Харин улс орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуучуудын нэрийг барьж, цаасан дээр компани байгуулан, төсвийн мөнгийг завшдаг бүлэг хүмүүс байгаа юм.

Дээр дурдсан баримт бол ердөө ганц л жишээ. Үүнээс өмнө уг залуучуудын нэрийг барьж, хэн хэдэн төгрөг улсаас авсан нь тодорхойгүй байна.   

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.