dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд-2025" үзэсгэлэн худалдаа хөл хөдөлгөөн ихтэй байна

СУРВАЛЖИЛГА: "Намрын ногоон өдрүүд-2025" үзэсгэлэн худалдаа хөл хөдөлгөөн ихтэй байна

Нийслэлчүүдийн хамгийн их хүлээдэг "Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025" үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор үргэлжилж байна. Шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд тус тус зохион байгуулагдаж байна. 

Хүнсний ногоо, зөгийн бал, цагаан идээ, жимс жимсгэнэ, борц зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа бөгөөд нийслэлийн хэрэглэгчдэд зах зээлийн үнээс хямд өртгөөр хүрч буй нь онцлог юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ааруул, цагаан идээ хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг сурвалжиллаа.

 


"ХҮНСНИЙ НОГОО 100-1000 ТӨГРӨГӨӨР ХЯМД ҮНЭЭР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА"

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас оролцогч Ц.Гантөмөр:

-Энэхүү үзэсгэлэнд 20 дахь жилдээ энэ үзэсгэлэнд оролцож байна. Өөрийн гараар тарьсан хүнсний ногоо, зөгийн балаа авч ирсэн. Энэ жил зөгийн балын нэг килограмм нь 30,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Ногооны хувьд хотынхоос харьцангуй хямд, 100-1000 төгрөгийн зөрүүтэй байна. Хаврын голын бал, уулын бал, намрын хээрийн бал гэсэн гурван төрлөөр нүүдэллэн зөгий өсгөдөг. Тиймээс маш цэвэр бүтээгдэхүүн гэж хэлмээр байна.


Зарим иргэдийн хувьд энэхүү үзэсгэлэн худалдаа нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна сурталчлан таниулж, танилын хүрээгээ тэлэх боломж гэдгийг онцолж байсан юм. 

Хүнсний ногоо тариалагч Ц.Даваасүрэн:

-43 жил тариа ногоо тарьж байна. Энэ удаа 13 төрлийн ногоо авчирсан. Чинжүү гэхэд л дөрвөн өөр сорт байна. Лууван, манжин 2000-2500 төгрөг, саримс 20,000 төгрөгөөр зарагдаж байна. Бидэнд энэ үзэсгэлэн бол хүнтэй уулзах, бүтээгдэхүүнээ танилцуулах маш том боломж юм.


Мөн жимс, жимсгэнэ худалдаалагч Д.Энхтуяа "Анх энэ үзэсгэлэн зохион байгуулагдсан цагаас л оролцож ирсэн. Энэ жил 10 гаруй төрлийн жимс авчирсан. Завхан, Хөвсгөл, Сэлэнгээс нэрс, чацаргана, мойл, үрэл гэх мэт жимснүүд ирсэн. Үнэ нь 15,000-40,000 төгрөгийн хооронд байна. Аньсны ургац бага байсан тул үнэтэй байгаа" гэсэн юм.


"ААРУУЛ 35,000-40,000 ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙНА"

Хөвсгөл аймгаас оролцогч, “Хайрхан Буурал” хоршооны төлөөлөл Т.Алтанзул:

-Манай хоршоо 1999 онд байгуулагдаж, 2019 онд 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Одоо сарлагийн борц, цагаан идээ худалдаалж байна. Сарлагийн мах, гүзээ, зүрх, сархинаг гээд бүх зүйл нь хэрэглээнд ордог. Борц 60,000-75,000 төгрөг, ааруул 35,000-40,000 төгрөгөөр зарагдаж байна. Хотын иргэддээ байгалийн цэвэр, эмчилгээний чанартай бүтээгдэхүүн хүргэж байгаадаа баяртай байдаг.


Энэ жилийн үзэсгэлэн худалдаа бороотой өдрүүдээр эхэлсэн ч аажимдаа цаг агаар сайжирч, иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгджээ. Худалдаачид ч борлуулалт харьцангуй сэргэж байгааг мөн онцолж байв.

Өвөрхангай аймгаас оролцогч П.Одонтуяа:

-Энэхүү үзэсгэлэнд 4 дэх удаагаа оролцож байна. Манайх “Одод” гээд ааруулын үйлдвэртэй, 10 гаруй төрлийн цагаан идээ үйлдвэрлэдэг. Ааруул, ээзгий, өрөм, шар тос, шимийн архи гээд бүх төрлийн бүтээгдэхүүн байна. Үнийн хувьд 2,500-50,000 төгрөгийн хооронд байгаа. Сарлагийн өрөм, ямааны сүүгээр хийсэн ааруул хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

"ИМПОРТЫН ҮНЭТЭЙ ДАРСНЫ ОРОНД ДОТООДЫН БРЭНДИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ"

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Баянхонгор аймгийн төлөөлөгч Б.Пүрэвцэрэн:

-2002 оноос үйл ажиллагаа явуулж буй манай компани сүү, дарс, жигнэмэг, молоко, хоормог зэрэг таван төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна. Эдгээр нь 5,000-35,000 төгрөгөөр борлуулагдаж байна. Онцлох бүтээгдэхүүн бол ингэний сүүний дарс. Цэвэр шимийн архи, ингэний сүү учраас хүний биед тустай. Импортын үнэтэй дарсны оронд дотоодын брэндийг дэмжих хэрэгтэй.


"Намрын ногоон өдрүүд" бол зүгээр нэг худалдаа биш, харин хүнсний аюулгүй байдал, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодит жишээ юм. Энэ үзэсгэлэнгээр дамжуулан хэрэглэгчид шинэ ургацын ногоо, уламжлалт цагаан идээ, жимс, борц, зөгийн бал гээд төрөл бүрийн эрүүл хүнсийг нэг дороос, боломжийн үнээр худалдан авч байна.


Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, эрүүл хүнс хэрэглэх, хөдөө нутгийн хөдөлмөрч иргэдийн гарын хөдөлмөрийг үнэлэх хамгийн зөв алхам бол ийм төрлийн үзэсгэлэнд ирж, худалдан авалт хийх явдал юм. Та ч бас “Намрын ногоон өдрүүд”-ийг зориорой.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.